Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Гаитид эсэргүүцлийн жагсаал хурц хэлбэрт шилжив

  М.Даваадулам 2019-02-18 501

Гаити улсад өнгөрсөн долоо хоногт дахин дэгдсэн эсэргүүцлийн жагсаал хурц хэлбэрт шилжээд байна. Жагсагчид эмх замбараагүй байдал өдүүлж, гадаа гудамжинд автомашин болон бусад эд зүйлс шатайж танхайрчээ. Улс оронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хурдацтай өсөн нэмэгдэж байгаа, авлига хээл хахууль хэрээс хэтэрснийг эсэргүүцэн жагссан иргэд одоо Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж байна.

Жагсагчид Гаити улсын нийслэл Порт-о-Пренс хотын төвийн гудамж талбайг бүслэн хааж, Ерөнхийлөгч Жовенель Мойзэг даруй огцрохыг шаардаж байна. Улс оронд инфляци өдөр ирэх тутам өсөн нэмэгдэж, төрийн алба хаагчид хээл хахуульд гүн автсан байгаа атал эрх баригчид гараа хумхиад, энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллахгүй, хүчин чармайлт гаргахгүй байгааг иргэд эсэргүүцэж байна.

Гаити улсад энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал 2-р сарын 7-ны өдөр эхэлсэн. “Франс Пресс” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн арав хоногийн хугацаанд эсэргүүцлийн жагсаалын үеэр 7 хүн амиа алджээ. Өнгөрсөн пүрэв гарагт нийслэл Порт-о-Пренс хотод жагсагчид болон цагдаагийн алба хаагчид хооронд анхны мөргөлдөөн болсон байна.

Гаити улсын Ерөнхий сайд Жан Анри Сеан ард иргэдийн эсэргүүцлийг намжаахын тулд авлига, хууль бус наймаатай тэмцэх идэвхтэй хөтөлбөр эхлүүлж байгааг зарласан. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг ч Гаити улсын Засгийн газрын тэргүүн амлаад байсан. Гэсэн ч иргэд Засгийн газрын тэргүүний эдгээр амлалтаас илүүтэй Ерөнхийлөгчөө огцруулахыг шаардаж, өнөөдөр ч нийслэл хотынхоо төвд жагсахаа эсэргүүцлийн арга хэмжээг тэргүүлэгчид мэдэгдлээ.

Гаити улсын Ерөнхийлөгч Жовенель Мойзэ эсэргүүцлийн жагсаалын улмаас албан сэнтийгээсээ буухгүй гэдгээ хэлсэн. Харин асуудлыг шийдвэрлэж, хямралаас гарах арга зам эрэлхийлэхэд сөрөг хүчнийг хамтрахыг уриалсан. Мойзэгийн хувьд 2017 оны 2-р сарын 7-ны өдөр Гаити улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөж, энэ улсыг тэргүүлэх болсон. Ерөнхийлөгчийн суудалд сууснаас хойшхи хугацаанд энэ улсад эсэргүүцлийн жагсаал, арга хэмжээ намжихгүй байгаа юм.

Ард иргэд нь сайн сайхан амьдралын төлөө АНУ-ыг зорьж, дүрвэгсдийн цуваа Америкийн өмнөд хилийг чиглэн өнгөрсөн онд хөдөлсөн. Ингэснээр Мексик улсын хойд хил дээр төв Америкийн улс орнуудын дүрвэгсэд олноор төвлөрч, АНУ тэдгээрийг нэвтрүүлэхгүй, хил гаалийн бодлогоо улам чангатгаж байгаа. Бүр үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалахын тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн Доналд Трамп сонгуулийн өмнөх мөрийн хөтөлбөрийн гол зүйл заалтынх нь нэг хамгаалалтын хана барих асуудлыг ямар ч үнэ цэнээр хамаагүй эхлүүлэхээр энэ өдрүүдэд ажиллаж байна. Өнгөрсөн баасан гарагт тэрээр өмнөд хил дээрээ онц байдал зарласан. Ингэснээр Конгрессын зөвшөөрөлгүйгээр Мексик улстай залгаа хил дээр хамгаалалтын хана барихад улсын төсвөөс 8 тэрбум ам.доллар гаргуулах хууль эрхзүйн хувьд боломж нээгдэж байгаа юм. Нийтдээ 300 гаруй км урт хамгаалалтын ханаар АНУ Мексик улсаас тусгаарлахаар зорьж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө