Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Кашмирт болсон халдлага Энэтхэг, Пакистаны талыг хагаралдууллаа

  Б.Оюун 2019-02-19 568

Энэтхэг, Пакистаны газар нутгийн маргаантай бүс болох Кашмирт өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт амиа золиослогч этгээд Энэтхэгийн цэргийн цуваа руу халдсан явдал хоёр улсын хооронд үл ойлголцол дэгдээж, бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворгүйтүүлжээ. Энэ явдлын дараа даваа гарагт Энэтхэгийн цэргийнхэн халдлагыг үйлдсэн этгээдийн мөрөөр орж, эрэн сурвалжлах ажил явуулахдаа Пакистаны цэргийнхэнтэй шөргөөцөлдөн буудалцсан байна. Энэ үеэр 4 цэрэг амиа алдаж, нэг энгийн иргэн, мөн зэвсэгт зэвсэгт этгээд үрэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Энэтхэг-Пакистаны талуудын хооронд үүссэн дээрх нөхцөл байдал дипломат түвшинд ахиж, Пакистан улс өөрийн элчин сайдаа дуудуулсан бол Энэтхэгийн элчин Исламабадыг өнгөрсөн долоо хоногт орхин явжээ.

Энэтхэгийн тал хоёр улсын хилийн маргаантай бүсэд болсон амиа золиослогч этгээдийн үйлдсэн халдлагад Пакистаны талыг буруутгаж байгаа бол Исламабад үүнийг нь эрс үгүйсгэж, баримт нотолгоо шаардаж байгаа юм. Тэгвэл Энэтхэгийн тал дээрх явдалд зайлшгүй баримт нотолгоо шаардлагагүй гэж үзэн, Пакистаны нутаг дэвсгэрт байрлах “Жейш-э-Мухаммед” зэвсэгт бүлэглэлийн толгойлогч Масуд Азхар Кашмирт болсон халдлагын хариуцлагыг хүлээсэн, мөн нөгөөтэйгүүр Масуд нь Пакистаны Пенжаб хотод хууль эрхийнхнээс огтхон ч зугтаж дайжилгүйгээр чөлөөтэй амьдарч байгаа нь Пакистаны талыг исламын зэвсэгт этгээдүүдийг хориглохгүй байгаагийн илрэл гэж харж, дүгнэж болно гэжээ.

Тэгвэл “Жейш-э-Мухаммед” зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааг Пакистанд хориглодог ч энэхүү бүлэглэл өөр нэр устайгаар бат бэх оршин тогтносоор байгаа юм. “Жейш-э-Мухаммед” зэвсэгт бүлэглэлийг Энэтхэг, АНУ, Их Британи болон НҮБ алан хядах террорист бүлэглэл гэж тооцдог байна. Харин Пакистаны эрх баригчид энэ бүлэглэлийн толгойлогч Масуд Азхарыг буруутган баривчлах үндэслэл байхгүй гэж үзэн, түүнийг эрх чөлөөтэй байлгадаг юм.

Ажиглагчдын үзэж байгаагаар “Жейш-э-Мухаммед” бүлэглэл нь Талибаны бүлэглэлтэй харьцуулбал Кашмирт төвлөрдөг, мөн Энэтхэгийн эсрэг үйлдэл тэмцэхээс бус Пакистаны дотоодод ямарваа асуудал үүсгэдэггүй учраас хууль хүчнийхний хяналтаас гадуур үлддэг бололтой.

Энэтхэг улс өөрийн газар нутаг, хилийн аюулгүй байдлаа сахин хамгаалахын тулд Израилиас орчин үеийн технологи худалдан авснаас гадна Пакистантай залгаа хил дагуух нутаг нь байгалийн тогтоцын хувьд хүнд хэцүү, уулархаг, хадархаг газар орон байдаг учраас үүнд мөн найдлага тавьдаг байна. Гэсэн ч хоёр улсын хилийн бүсийг холбодог Кашмирт залуус нь исламын радикал үзэлд нэвтэрсээр байгаа нь санаа зовинохгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсгэж байгаа юм. Хэрвээ хэдэн жилийн өмнө Кашмирт дэгдсэн залуусын тэмцэл жагсаал ихэнхдээ тайван байдлаар явагддаг байсан бол өнөөдөр тэд гартаа зэр зэвсэг барин жагсахад бэлэн болжээ. Түүнчлэн Кашмир дахь нөхцөл байдал жилээс жилд тогтворгүйтэж, хурцадсаар байгаа юм. Энэтхэг болон Пакистаны засгийн газар хооронд Кашмирын асуудлаар сүүлийн 2 жилд шууд яриа хэлэлцээр хийгдэхгүй байгаа юм. Гэхдээ энэ хооронд хоёр улсын цэргийнхэн энэ асуудлаар харилцаатай хэвээр байгаа гэж хэлж болно. Кашмирын бүс нутгийн асуудлаарх Дели, Исламабадын яриа хэлэлцээр 2009 онд Энэтхэгийн Мумбай хотод болсон балмад халдлагаас хойш зогсож, Кашмирын асуудлаар хатуу байр суурь баримтлагч Нарендра Моди Энэтхэгийн засгийн эрхэнд гарснаас хойш бүрмөсөн зогсчээ.

Түүнчлэн 2016 онд Кашмир дахь Энэтхэгийн цэргийн бааз руу халдсанаас хойш Моди улсынхаа цэрэг армийнханд Пакистаны талын хяналтанд байгаа Кашмирын газар нутаг руу шаардлагатай тохиолдолд цохилт, дайралт хийх эрх олгосноороо “өөрийн цэргийн генералуудын үйлдлийг хязгаарласан” хэрэг болсон гэж ажиглагчид дүгнэдэг юм.  Энэ халдлагын дараа Энэтхэгийн засгийн газрын тэргүүн Пакистаныг олон улсын нийгэмлэгээс бүхий л аргаар, тэр дундаа дипломат хүрээнд ганцаардуулж, тусгаарлана гэж мэдэгдэж байжээ. Тэгвэл Модигийн энэ хатуу бодлого, байр суурь энэ хавар Энэтхэгт болох парламентын сонгуулийн үеэр түүний эсрэг үйлчилж болзошгүйг мөн тэмдэглэж байгаа юм.

Энэтхэг, Пакистаны талууд түүхэндээ Кашмирын газар нутгийн маргаантай асуудлаас болж хоёр удаа дайтаж байсан, мөн газар нутгийн хоорондын зөрчил маргаан байнга шахуу гарч байдаг юм. Энэтхэг, Пакистан улсууд нь хоёул цөмийн зэр зэвсэгтэй улс орнууд учраас Кашмирын асуудлаас шалтгаалан үе үе муудалцаж байдаг нь дэлхийн улс орнуудыг болгоомжлоход хүргэдэг юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө