Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хятад улс сансрын уудамд нарны эрчим хүчний станц барихаар төлөвлөж байна

  Б.Оюун 2019-02-19 386

Хятад улс 2025 он гэхэд сансрын уудамд анхны нарны эрчим хүчний станц барьж байгуулахыг хүсч тэмүүлж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нарны эрчим хүчийг сансрын уудамд хурааж, улмаар дэлхий рүү тусгай лазерын тусламжтай эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэнэ гэж Хятадын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Энэ зорилгоор манай урд хөршийн Чунцин хотод сансраас лазер туяа хүлээн авах чадалтай туршилтын бааз байгуулах ажлыг хэдийнэ эхлүүлээд байгаа гэнэ.

Хятадын сансрын мэргэжилтнүүд эхний ээлжийн нарны эрчим хүчний станцыг дэлхийн стратосферын давхаргад 2021-2025 оны хооронд илгээхээр төлөвлөн, ажиллаж байна. Төслийг Хятадын сансрын технологийн академи эрхлэн боловсруулж байгаа юм. Энэхүү академи өнгөрсөн сард саран дээр “Чанъэ-4” аппаратаа амжилттай буулгаж, 2022 он гэхэд сансрын бие даасан станц хөөргөхөөр төлөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Хятад улс өөрийн сансрын судалгаа, шинжилгээний салбар, хөтөлбөрт 8 тэрбум доллар зарцуулахаар төсөвлөөд байгаа нь сансрын уудмыг эзэмшигч томоохон гүрнүүдийн зарцуулж байгаа төсвөөс илүү байгаа юм. Оросын Роскосмос л гэхэд сансрын судалгаа шинжилгээний ажилд дээрхээс 6 дахин бага хөрөнгө мөнгө төсөвлөжээ.

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР

Хятадын сансрын технологийн академиас боловсруулж байгаа төслийн талаар анх Хятадын Science and Technology Dailyсонин мэдээлж, төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулжээ. Эх сурвалжийнн мэдээлж байгаагаар Хятадын мэргэжилтнүүдийн бүтээхээр төлөвлөөд байгаа нарны эрчим хүчний станц нь дэлхийгээс 36 мянган км-ийн өндөрт, сансрын геостационар давхаргад байрлаж, дэлхийтэй цуг нэг тэнхлэгийн дагуу эргэлдэх юм. Энэхүү станц нь дэлхий дээр байрлах ижил төрлийн нарны эрчим хүчний станцаас ялгаатай нь байгаль цаг агаарын байдал, улирал, өдөр шөнийн ялгаа заагийг үл харгалзан байнгын ажиллагаатайгаар нарны эрчим хүч хуримтлуулах юм. Энэ нь дэлхий дээрх нарны станцаас 6 дахин илүү эрчим хүч хуримтлуулах боломжтой гэдгийг судлаачид тооцжээ.

Хятадын сансрын технологийн академийн эрдэм шинжилгээний ажилтан Пан Жихаогийн ярьснаар шинээр нэвтрүүлж байгаа технологи нь хүн төрөлхтөнийг цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр хангах цоо шинэ технологи байх болно гэжээ.

Гэхдээ төслийг хэрэгжүүлэх явцад техникийн хэд хэдэн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Жишээлэхэд сансрын уудамд байрлах нарны эрчим хүчний станцын жин ойролцоогоор 1000 тонн байна гэж тооцоолж байгаа нь ОУСС-ын жингээс бараг 2,5 дахин илүү хүнд байгаа юм. Магадгүй ийм том, хүнд овор хэмжээтэй байгууламжийг дэлхийгээс илгээх нь ихээхэн хүчин чармайлт, техник технологийн шийдлийг шаардах болно. Гэхдээ Хятадын эрдэмтэд нарны станцыг сансрын уудамд барьж байгуулах гарцыг илүүд үзэж, үүний тулд гурван хэмжээст технологи, ухаалаг роботуудыг ашиглахаар төлөвлөж байна.

Энд нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд Хятадын талын боловсруулж байгаа дээрх төсөл нь сансрын судалгаа, эрчим хүчний салбарын хувьд цоо шинэ ололт амжилт, санал санаачлага биш юм. Өнгөрсөн онд Америкийн Калифорнийн технологийн их сургуулийн эрдэмтдийн баг дээрхтэй адил үүрэг зорилго бүхий нарны эрчим хүч хуримтлуулах бага оврын панель бүтээж туршсан. Түүнчлэн энэ чиглэлд Европ, Энэтхэг, Японы эрдэмтэд мөн судалгаа шинжилгээний ажлууд хийж байна.

   

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө