Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОХУ-ын ерөнхийлөгч олон нийтэд худал ташаа мэдээлэл түгээхийг хориглосон хууль баталлаа

  Б.Оюун 2019-03-19 2333

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа Холбооны зөвлөл болоод Төрийн Думаас хэлэлцэгдэн дэмжлэг авсан олон нийтэд худал ташаа мэдээлэл түгээн дэлгэрүүлэх, мөн төрийн эсрэг хүндэтгэлгүй хандсаны төлөө хариуцлага ногдуулах тухай хуулийг батлан, гарын үсэг зуржээ. Тэгвэл шинээр баталсан хуулийг Оросын хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн зүгээс үндсэн хуулинд заасан хүний эрхэд халдаж, дуу хоолой үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн хууль тогтоомж гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн зөвлөл шинээр баталсан хуулийг эсэргүүцэж байжээ.

Тэгвэл олон нийтийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч, Төрийн Дум, Холбооны зөвлөл, цаашлаад ерөнхийлөгчийн дэмжин баталсан олон нийтэд худал ташаа мэдээлэл түгээн дэлгэрүүлэх, мөн төрийн эсрэг хүндэтгэлгүй хандсаны төлөө хариуцлага ногдуулах тухай хууль гэж чухам ямар хуулийг хэлээд байна вэ?

Кремлийн албан ёсны сайтад мэдээлж байгаагаар энэ нь олон нийтийг санаатай төөрөгдүүлэх, худал хуурмаг мэдээллийг баталгаагүй, эх сурвалжгүйгээр бусдад түгээн дэлгэрүүлэхийг хориглосон хууль гэж заасан байна.

Эдгээрт олон нийтийн хэвлэл мэдээлэл, цахим хуудас, бусад арга хэлбэрээр бусдын нэр хүнд, эрүүл мэнд, хөрөнгөд халдсан, хохирол учруулсан, мөн олон нийтийг эмх замбараагүй байдалд уруу татсан, уриалсан, турхирсан зэрэг үйлдлийг нэгтгэн ойлгож хуулинд оруулсан байна.

Хэрвээ дээрх хуулийн зүйл заалтыг зөрчвөл иргэн – 400 мянган рубль, албан тушаалтан -900 мянган рубль, хуулийн этгээд 1,5 сая хүртэлх рублийн мөнгөн торгууль төлөхөөр хуульчлагджээ.

Мөн ерөнхийлөгч Путины батлан гарын үсэг зурсан хуулинд төр засагт хүндэтгэлгүй хандсан утга агуулга бүхий мэдээлэл цацах, олон нийтийн эсрэг хүндэтгэлгүй, өдөөн турхирсан үйлдэл, мэдээлэл гаргаж, төрийн билэг тэмдэг болох сүлд, туг далбаа, үндсэн хууль, хууль эрхийн байгууллагын нэр хүндэд ёс бусаар халдаж, ашиглаж, нэр төрд халдсан бол хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Хуулийн дагуу дээрх заасан зөрчлүүдийг гаргасан тохиолдолд ОХУ-ын Хяналт, шалгалтын байгууллагаас эхний ээлжинд хууль зөрчсөн этгээдэд тухайн худал ташаа мэдээллийг нэн даруй устгах, тайлбар өгөх зэрэг арга хэмжээ авахыг сануулна. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлээгүй бол иргэд эхний удаад 30-100 мянган рублийн торгууль, мөн дараагийн тохиолдолд 100-200 мянган рублийн торгууль, 15 хоног түр саатуулах шийтгэл, цаашлаад саатуулах хугацааг 15 хоногоор сунгах зэргээр арга хэмжээ авахаар тусгагдсан байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө