Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зүүн Африкт нүүрлэсэн гамшиг хүрээгээ тэлсээр байна

  Б.Оюун 2019-03-21 600

Африк тивд цаг агаарын онц үзэгдэл нүүрлэж, Африкийн зүүн хэсгийн нутгаар “Идаи” нэр авсан циклон нүүрлээд байгаа талаар бид танд мэдээлж байсан. Халуун орны циклон шилжин ирсний улмаас хүчтэй салхи шуурга дэгдэж, аадар бороо үргэлжлэн орж, үер усны гамшиг нүүрлээд байгаа юм. Гамшигт үзэгдлийн улмаас Мозамбик, Зимбабве улсууд хамгийн ихээр өртөж, хэдэн зуун хүн амиа алдаж, орон гэргүй хоцроод байна. Мозамбикт л гэхэд өнөөдрийн байдлаар 200-аад хүн, Зимбабвед 100-аад хүн амиа алдаж, нийтдээ гамшигт үзэгдэлд Африк тивд 300-аад хүн үрэгдэж, сая гаруй иргэний амьдрал ахуйг үгүй хийгээд байна.

 Мозамбикийн эрх баригчид улс орондоо нүүрлэсэн гамшгийн улмаас 202 хүн амиа алдсан талаар мэдээлж, 3 хоногийн Үндэсний хэмжээний гашуудал зарлажээ. Амиа алдагсдын талаарх мэдээллийг Мозамбикийн ерөнхийлөгч Филипп Ньюс засгийн газрын тусгай хуралдаан дээр мэдээлж, гамшигт үзэгдлийн улмаас учраад байгаа хор хохиролын талаар мэдээлэл хийсэн байна. Мозамбикт лхагва гарагаас эхлэн 3 хоногийн хугацаатай гашуудал зарлажээ.

Африк тивд нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдэлд дэлхийн католик шашны төв Ватиканы тэргүүн 1-р Франциск анхаарал хандуулж, Мозамбик, Зимбабве, Малави зэрэг Идай хар шуурганд өртсөн улс орнуудын эрх баригчдад өөрийн болоод Ватиканы зүгээс харуусал, эмгэнэлээ илэрхийлжээ.

Зимбабвегийн эрх баригчид улсынх нь 100-аад иргэн гамшигт нэрвэгдэн амиа алдсан талаар мэдээлж байна. Гамшигт үзэгдлийн улмаас Мозамбик, Зимбабвегийн газар нутаг үерт автаж, олон зуун барилга байшин, дэд бүтэц сүйдэж, ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, Улаан загалмайн хорооны ажилтнууд орон нутгийн аврагчдад тусламж дэмжлэг үзүүлж, гамшгийн бүсэд ажиллаж байна. ДЭМБ, Зүүн Африкт үүссэн гамшгийн нөхцөл байдалд ихээхэн санаа зовинож байгаагаа илэрхийлэн, гамшигт өртсөн бүс нутгийн иргэдэд яаралтай тусламж дэмжлэг шаардлагатай байгаа талаар мэдээлжээ.

Африк тивд нүүрлэсэн гамшигт үзэгдлийг сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй ихээхэн гамшиг сүйрэл дагуулсан байгалийн онц үзэгдэл гэж хэдийнэ нэрлээд байгаа юм. Идай хар шуурганы учруулсан хор хохиролыг арилгахад ихээхэн хүчин чармайлт, хөрөнгө мөнгө, цаг хугацаа орох нь тодорхой байна. Идаи халуун орны циклон нь Зүүн Африкт 2000 оны 2-р сараас хойш нүүрлэсэн хамгийн хүчтэй салхи шуурга болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө