Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Казахстан улс шинэ ерөнхийлөгч, шинээр нэрийдсэн нийслэлтэй боллоо

  Б.Оюун 2019-03-21 2200

 Төв Азийн томоохон улс орон болох Казахстанд төрийн тэргүүн нь солигдож, шинэ ерөнхийлөгч тангарагаа өргөн үүрэгт албандаа орлоо. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар улс болсноос хойш сүүлийн 29 жилийн туршид нэг ерөнхийлөгчийн удирдлагад байж, эдийн засаг нь эрчтэй хөгжиж байгаа Казахстан улс 2019 оны 3-р сарын 20-нд дараагийн ерөнхийлөгчөө албан ёсоор хүлээн авч, энэ улсын парламентын дээд танхим, сенатын спикер асан Касым Жомарт Токаев улсынхаа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар тангарагаа өргөн үүрэгт албандаа орлоо. Казахстан улсыг 30-аад жил тэргүүлсэн Нурсултан Назарбаев энэ сарын 19-нд ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, өөрийн хүслээр ерөнхийлөгчийн суудлаас бууж байгаагаа мэдэгдэн, Касым Жомарт Токаевт эрх үүргээ шилжүүлэн өгч, түүнийг дараагийн сонгууль хүртэл улсынхаа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаагаа мэдэгдсэн юм.

Казахстаны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Касым Жомарт Токаев лхагва гарагт ерөнхийлөгчийн тангарагаа өргөн, үүрэгт албандаа албан ёсоор орлоо. Тэрээр улсынхаа үндсэн хууль, бусад хууль тогтоомжид захирагдан ажиллаж, төрийн тэргүүний үүргээ ёс төртэй гүйцэтгэн, үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж, улсынхаа анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хэрэгжүүлж байгаа төрийн бодлого байр суурийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, улс орноо хүчирхэг, бат бэх эдийн засаг бүхий хөгжингүй улс орон болгохоо тангараглажээ.

Касым Жомарт Токаевын тангараг өргөх ёслол дээр Нурсултан Назарбаев оролцож, улс орны удирдлагыг найдвартай, хариуцлагатай, өндөр ур чадвар, мэдлэг боловсрол бүхий хүний гарт шилжүүлж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байжээ.
Казахстаны шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөн ёслол парламентын дээд доод хоёр танхим хуралддаг танхимд ёслол төгөлдөр болж өнгөрчээ. Казахстаны төрийн эрхийг тэргүүлэхээр сонгогдсон 65 настай Касым Жомарт Токаев нь өмнө нь улсынхаа ерөнхий сайд, гадаад хэргийн сайд, сенатын спикерээр ажиллаж байсан, ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевтай 1990 онд ЗХУ задран унасны дараагаар улс орноо анхнаас нь эхлэн хамтдаа хүчин зүтгэж, хамтран ажиллаж ирсэн хашир туршлагатай улс төрч, удирдагч хүн юм. Токаев нь дипломат албанд олон жил хүчин зүтгэж байсан учраас Казахстан улсын нэр хүндийг гадаад улс орон, олон улсын тавцанд өндөрт өргөж явах чадварлаг дипломатч юм. Тэрээр дипломат албанд хүчин зүтгэж явахдаа олон улсын нэр хүндтэй байгууллагууд, тэр дундаа НҮБ-ын салбар байгууллага, тэр дундаа цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаар дагнан ажиллаж байсан туршлагатай.
Казахстаны шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөн ёслолын дараа анхныхаа тушаал шийдвэрийг гаргасан нь улсынхаа нийслэл Астана хотыг ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын улс орон, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлж “Нурсултан” гэж нэрийдэх санал байжээ. Казахстаны парламент ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын гаргасан энэхүү саналыг санал нэгтэйгээр дэмжиж, улсынхаа үндсэн хуулинд энэ дагуух нэмэлт өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэж, одооноос эхлэн БН Казахстан улсын нийслэлийг Нурсултан гэж нэрийдэхээр болжээ. Үүнтэй зэрэгцэн Нурсултан Назарбаевыг “Елбасы” буюу Казахстаны бүх ард түмний эцэг гэж өргөмжлөн, үндсэн хуулиар төрийн тэргүүнд олгогдох бүх хүндэтгэлийг олгохоор хуульчилжээ.
Казахстаны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Касым Жомарт Токаев экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл улсын тэргүүний үүргийг гүйцэтгэх юм. Казахстанд дараагийн ерөнхийлөгчийн сонгууль 2020 онд болно.
Казахстаны шинэ тэргүүнээр томилогдон ажиллах болсон Токаевын оронд түүний хашиж байсан хуучин алба болох парламентын дээд танхим, сенатын спикерээр Назарбаевын том охин Дарига Назарбаева томилогдон ажиллахаар болжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө