Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Бразилын экс ерөнхийлөгчийг авлигын хэргээр баривчиллаа

  Б.Оюун 2019-03-22 442

Бразилын хууль хүчний байгууллагынхан улсынхаа ерөнхийлөгч асан Мишель Темерыг авлигын хэрэгт холбогдуулан баривчлан саатуулжээ. Мишель Темер нь 2016-2018 оны хооронд улсынхаа төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэж байсан юм. Бразилын экс ерөнхийлөгчийг авлигын хэргээр хэд хэдэн хэрэгт буруутган шалгаж эхлээд байгаа юм байна.
Бразилын экс тэргүүн авлигын хэрэгт нэр холбогдож, түүнийг хуулийн байгууллагууд саатуулах эсэх нь ердөө цаг хугацааны асуудал байжээ. Учир нь Темер ерөнхийлөгчийн эрх үүргээ гүйцэтгэж байхдаа ч хууль бус хэрэгт нэр холбогдож, түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, төрийн хүний халдашгүй эрх цуцлагдсан тохиолдолд хуулийн хариуцлагад татахаар хүлээж байсан юм.
Мишель Темер түүнд тулгаад байгаа хэрэгт ямар ч холбогдолгүй, гэм буруугүй гэж мэдэгдэж байгаа юм. Бразилд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “Авто угаалга” нэртэй авлигын хэргийн дагуу тусгай ажиллагаа явуулахад энэ улсын нэр хүнд бүхий улс төрчид, томоохон бизнес эрхлэгчид энэ хэрэгт нэр холбогдсон юм.
Мишель Темерыг хууль сахиулагчид пүрэв гарагийн өглөө, түүний төрөлх Сан Паулу хотоос баривчлан саатуулжээ. Улмаар түүнийг онгоцоор нийслэл Рио де Жанейрод авчирсан байна. Тэгвэл энэхүү ажиллагаанаас өмнө орон нутгийн хэвлэл мэдээллийнхэний дамжуулснаар цагдаа нар Темерыг лхагва гарагт эрэн сурвалжилж, улмаар баривчлах ажиллагаа явуулжээ.
“Авто угаалга” тусгай ажиллагааны хүрээнд түүнчлэн Темерын засгийн газарт багтан ажиллаж байсан, Бразилын эрчим хүч, байгалийн нөөц баялагийн сайд асан Морейра Франког баривчилжээ.

МИШЕЛЬ ТЕМЕР ГЭЖ ХЭН БЭ?

Мишель Темер нь Бразилын Ардчилсан хөдөлгөөн намыг тэргүүлэн улсынхаа төрийн эрхэнд 2016 оны 8-р сард гарчээ. Тэрээр улсынхаа өмнөх ерөнхийлөгч Дилма Русефт итгэл хүлээлгэх эсэх асуудлыг шийдэхэд онцгой нөлөөтэй оролцож байсан юм.
Бразилын прокурорын алба 2017 онд Темерыг авлигын хэрэгт нэр холбогдсон, улсынхаа томоохон мах боловсруулах үйлдвэрийн эзнээс их хэмжээний мөнгө хууль бусаар авсан гэж мэдээлж байсан юм. Гэсэн ч тухайн үед Бразилын парламент улсынхаа ерөнхийлөгчийг авлигын хэргээр Дээд шүүхэд хандан гомдол гаргах эрхийг хааж, түтгэлзүүлээд байжээ.
Улсынхаа төрийн тэргүүнээр сонгогдоод удалгүй авлига, хээл хахуулийн хэрэгт нэр нь орооцолдсон ерөнхийлөгч Мишель Темер ард иргэдийнхээ дунд нэр хүнд буурч, улмаар өнгөрсөн 1-р сард түүний оронд Жаир Болсонару Бразилын төрийн тэргүүнээр сонгогдсон юм.

“АВТО УГААЛГА” ажиллагаа

Тэгвэл ерөнхийлөгч асан Темерын нэр нь холбогдсон “Авто угаалга” гэх ажиллагаа нь чухам юу вэ? Америкийн хуульзүйн яам 2014 оны 3-р сараас эхлүүлсэн авлигын хэрэгтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах явцад энэ хэрэг маш өргөн сүлжээг, хүрээг хамарсан хэрэг болохыг тогтоож, улмаар “Авто угаалга” гэх код нэрийг энэхүү ажиллагаанд өгчээ. Учир нь энэ хэрэг жирийн нэгэн шатахуун түгээх станц, түүний дэргэдэх авто угаалгын газарт бэлэн мөнгө солиулсан явдлаас эхтэй юм. Эхэндээ хэний ч анхаарлыг татаагүй байсан энэ хэргээс эхлэн цаашлаад нэлээд томоохон хүрээг хамарсан, тэр байтугай улс орнуудын нөлөө бүхий бизнес эрхлэгчид, улс төрчид холбогдсон авлигын сүлжээ хэрэг болон томорсон байна. Энэ хэрэгт Бразилын төрийн мэдлийн Петробрас компани хүртэл орооцолдож, ажлын захиалгат гэрээ, тэр дундаа барилгын компаниудаас зах зээлийн үнэлгээнээс дээгүүр үнээр авлига авч төсөл, тендер өгч байсан нь илэрсэн юм.
Өнөөдөр “Авто угаалга” нэртэй энэ хэрэгт 80 гаруй улс төрч, бизнесийн төлөөлөл нэр нь холбогдож, хэдэн сая доллараар тооцогдох авлигын хэрэг болон томроод байна. Чухам энэ хэргийн улмаас Бразилын бас нэгэн нөлөө бүхий улс төрч, экс ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва хуулийн байгууллагад татагдан шалгагдаж, 12 жилийн хорих ял сонсоод байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө