Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хуан Гуайдог, Мадурогийн аминд халдахыг завдсанд буруутгажээ

  Б.Оюун 2019-03-25 281

Венесуэлын эрх баригчид улсынхаа сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог улсын хууль ёсны ерөнхийлөгч Николас Мадурогийн аминд халдахыг завдаж, нууцаар хуйвалдаан явуулж, ажиллагаа зохион байгуулж байгаад буруутгажээ. Каракасын мэдээлж байгаагаар Венесуэлын прокурорын алба энэ хэргийн дагуу мөрдөн шалгах ажил явуулж, хэргийн учгийг тайлахад ойртоод байгаа гэнэ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ сарын 21-нд Венесуэлын сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдогийн ойрын туслахуудын нэг болох Роберто Маррерог баривчилсан байна. АНУ, Лимагийн бүлгийн улс орнууд энэ явдлыг эсэргүүцэж, Венесуэлын сөрөг хүчний тэргүүнийг улс төрийн зорилгоор өөр хэрэгт зориуд хутгаж, нэр хүндэд нь халдан, баривчлахыг завдаж байгааг шүүмжлэн буруутгаж байна.

Тэгвэл ЕХ-ны зүгээс сөрөг хүчний улс төрчийг нэн даруй суллахыг шаарджээ. Венесуэлын дотоод хэргийн яам ерөнхийлөгч Мадурогийн аминд халдахыг завдсан хэргээр ойрын өдрүүдэд дахин нэмж баривчилгаа явуулах болно гэж мэдэгдэж байна.
Венесуэлын ерөнхийлөгч Николас Мадуро олон нийтэд, ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ улсынх нь зэвсэгт хүчин хөрш зэргэлдээх улсаас Венесуэлд ирсэн Колумбийн зэвсэгт бүлэглэлийн толгойлогчийг баривчлан саатуулсан талаар мэдэгджээ. Эрх баригчдын үзэж байгаагаар толгойлогчийг Венесуэлын сөрөг хүчний мөнгөөр хөлслөн авчирсан гэж үзэж байгаа юм.
Мадуро энэ талаар ярихдаа: - Хойд Америкийн империализм миний аминд хүрэхийг завдаж байна. Бид сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо тэргүүтэй хүүхэлдэйн засгийн газар миний аминд халдахыг завдсан оролдлогыг таслан зогсоолоо гэжээ.
Тэгвэл ерөнхийлөгч Николас Мадурогийн хэлсэн энэ үгэн дээр тулгуурлан магадгүй Венесуэлын эрх баригчид сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог мөн баривчлахаар төлөвлөж байж болзошгүй гэсэн болгоомжлол үүсчээ.
Гуайдогийн эхнэр Фабиан Росалес сэтгүүлчдэд хандан: -Мадурогийн дэглэм эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ард иргэдээсээ, нийгмээсээ үргэлж айж хулчийж ирсэн, тиймдээ ч тэд өөрсдийн гишүүд дэмжигчдийг гудамж талбайд гарч, эрх баригчдыг ард түмэн дэмжиж байгаа мэтээр харуулахыг зорьсоор ирсэн. Мадурогийн дэглэм ард түмний эсэргүүцэл, ард түмний бослого тэмцлээс үргэлж айж эмээсээр ирснийг тэмдэглэн хэлжээ. Хуан Гуайдогийн эхнэр нь одоогийн байдлаар Венесуэлд биш, гадаад улс оронд түр хугацаагаар байгаа гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө