Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп Голаны өндөрлөгийг Израилийн нутаг гэдгийг албан ёсоор батламжилжээ

  Б.Оюун 2019-03-26 539

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Арабын ертөнц болон Израилийн хооронд газар нутгийн маргаан дэгдээж, ихээхэн анхаарал татаж байдаг газар орон болох Голаны өндөрлөгийг Израилийн газар нутгийн нэг хэсэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч, энэ дагуух баримтад гарын үсэг зурсан байна. Энэ асуудлаар АНУ-ын тэргүүн Дональд Трамп болон Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху нар Цагаан ордонд хийсэн албаны уулзалтын үеэр хэлэлцэж, Вашингтоны тэргүүн зохих баримтад гарын үсэг зурсан байна.

Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ-ын тэргүүнийг хэлсэн үгэндээ хүрч, амлалтаа биелүүлдэг шударга, тууштай удирдагч гэж хамтрагчаа магтсан байна. Израилийн ерөнхий сайд Америкийн ерөнхийлөгчийг Израилийн ард түмний хамгийн үнэнч анд нөхөр, түших тулгуураа гэсэн байна.

Түүнчлэн Нетаньяху Трамп өмнө нь хэлж ярьж байснаараа Ираны цөмийн асуудлаарх олон талт гэрээнээс нэг талт байдлаар гарч, мөн Израиль дахь АНУ-ын ЭСЯ-аа мөн л хэлж байснаараа Тель Авиваас Иерусалим руу нүүлгэн, эртний энэ хотыг Израилийн нийслэл хот гэж хүлээн зөвшөөрсөн зэргийг нь дурьдсан байна.

Трамп Нетаньяхуг Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэрээ Ойрхи Дорнодын бүс нутагт нөхцөл байдал тогтворгүйтэж, Гаазын зурвасын зүгээс Израилийн нутаг руу пуужингаар харваж, гэм зэмгүй хүмүүс өртсөн явдалд харамсаж байгаагаа илэрхийлжээ. Трамп энэ үеэр Израиль улс өдөр бүр аюулгүй байдлын асуудалтай тулгарч, улс орон ард иргэдийнхээ аюулгүй тайван байдлын төлөө ажиллаж байгааг цохон тэмдэглэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп анх өнгөрсөн долоо хоногт Араб-Израилийн бүс нутгийн хямралын гол толгойн өвчнүүдийн нэг болох газар нутгийн маргаантай бүсийн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр тэрээр АНУ, Израиль Сирийн хооронд газар нутгийн маргаантай байдаг бүс нутаг болох Голаны өндөрлөгүүдийг Израилийн нутаг дэвсгэр гэж албан ёсоор тооцох болно гээд энэ дагуу ерөнхийлөгч Дональд Трамп, Израилийн ерөнхий сайдыг Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэрээ албан баримтад гарын үсэг зурсан байна.

Голаны өндөрлөг гэж нэрлэгддэг энэ газар нь зүүн талаараа Сирийн нутагтай залгаж, дийлэнх хэсэг нь Израилийн хяналтанд байдаг юм. Тиймээс энэхүү өндөрлөгийг Израиль ч, Сирийн тал ч өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг байна.

Голаны өндөрлөг нь Сири улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласан цагаас эхлэн энэ улсын нутаг дэвсгэр гэгдэж байсан ч 1967 онд болсон 6 хоногийн дайны дараагаар Голаны өндөрлөгийн дийлэнх хэсэг Израилийн мэдэлд, хяналтад орсон юм. Израилийн тал эзэлж авсан нутгаа орхин явахыг хүсэхгүй байгаан дээр өөрийн газар нутаг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байгаа юм. Тэгвэл олон улсын нийгэмлэг Голаны өндөрлөг Еврейн улс орны нутаг гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар иржээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө