Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНФУ, БНХАУ-ууд хамтын ажиллагааны хэдэн тэрбумын гэрээ байгууллаа

  Б.Оюун 2019-03-26 528

Франц болон Хятадын талууд Хятадын удирдагч Ши Жинпины Франц улсад хийсэн төрийн дээд хэмжээний айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны чухал гэрээ хэлэлцээр байгуулан гарын үсэг зуржээ. Ши Жинпины Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар хийсэн төрийн дээд айлчлал албан ёсоор ням гарагт эхэлсэн ч гол яриа хэлэлцээрүүд даваа гарагт болсон юм. Хятадын удирдагч Ши Жинпин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Парис хотын төвд байрлах Ялалтын аркны дэргэдэх мөнхийн галд цэцэг өргөж, улмаар Елисейн ордонд албаны уулзалт хэлэлцээрээ явуулсан юм.

Талууд Елисейн ордонд болсон уулзалтын үеэр хоёр улсын харилцаа холбоог бүх талаар өргөжүүлэн хөгжүүлж, эрчим хүч, соёл урлаг, сансар огторгуй, агаарын болон далайн тээврийн салбар, мөн банк санхүүгийн салбарт хамтарч ажиллах гэрээнд нэгдсэн байна.

Тухайлбал Хятад, Францын талууд Airbus A320 болон А350загварын 300 онгоц худалдан авах гэрээ байгуулжээ. Түүнчлэн 15 мянган контейнер ачих хүчин чадал бүхий нийтдээ 10 ачааны хөлөг онгоц худалдан авах гэрээ захиалга хийсэн байна. Мөн эрчим хүчний салбарт түлхүү хамтран ажиллаж, Францын эрчим хүчний EDF компани Хятадад 1 тэрбум еврогийн өртөг бүхий салхин цахилгаан станц байгуулахаар харилцан тохиролцож, гэрээ хэлцэл байгуулжээ.

Талууд түүнчлэн сансар судлалын салбарт хамтран ажиллаж, сансрын хиймэл дагуул хөөргөх, Францын Гуру дахь сансрын нислэгийн төвтэй харилцаагаа тэлж, хоёр улсын эрдэм шинжилгээ судалгааны төвүүдийн хамтын ажиллагааг мөн тэлэхээр харилцан тохиролцсон байна.

ЕХ нь Азийн томоохон эдийн засаг бүхий Хятад улстай хамтын ажиллагаагаа бүх талаар тэлж, тогтвортой, удаан хугацааны харилцааг эрхэмлэж байгаа юм.

Түүнчлэн энэ жил Хятад болон Франц хоёр орны хооронд дипломат харилцаа холбоо тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа юм. Мөн Хятад болон ЕХ-ны хооронд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсны 16 жилийн ойг давхцаж байна. Тиймээс талууд даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд цаашид ирээдүй хэтийг зөгнөсөн тогтвортой харилцааны эх үүсвэрийг тавихаар зорьж байгаа юм. Талууд нээлттэй эдийн засгийн харилцаа бүхий тогтвортой, бат бэх харилцааг илүүд үзэж байна.

Өнгөрсөн онд Франц болон Хятадын хоорондын худалдааны шууд эргэлт 60 тэрбум долларт хүрсэн нь хоёр улсын хувьд, аль алинд нь томоохон амжилт байжээ. Хятад улс “бүс, зам” хөтөлбөрийнхөө хүрээнд Европ руу 14 мянган таваарын галт тэрэг илгээж, энэ нь Хятадаас гарч Европын 15 улс орны 50 гаруй хотыг дайран өнгөрч байгаа юм. Түүнчлэн талууд олон улсын талбарт мөн харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө