Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Wikileaks сайт Эквадор улсыг олон улсын хууль журам зөрчсөнд буруутгажээ

  Б.Оюун 2019-04-12 339

Жулиан Ассанжийг ийнхүү Лондонд баривчилсан явдлыг Wikileaks байгууллага эсэргүүцэж, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаад буруутгажээ. Wikileaks Их Британи болон Эквадорын талыг олон улсын хууль журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн хэргийг олон улсын шүүх байгууллагад хандан  шийдүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Их Британийн тал Ассанжийг АНУ-аас гаргасан хүсэлтийн дагуу баривчилсан байна. Түүнийг Америкийн эрх баригчид компьютерын хакерын үйл ажиллагаа явуулахаар үгсэн хуйвалдсан хэрэгт буруутгаж байгаа гэнэ.

Ассанжийг WikiLeaks сайтын мэдээлэгч гэж тооцогддог Челси Мэннингтэй хуйвалдаж, засгийн газрын нууц баримт сэлтийг хулгайлан, нийтлэхээр завдаж байсанд буруутгаж байгаа юм. Хэрвээ энэ хэрэгт Ассанжийг гэм буруутай гэж үзвэл түүнд 5 жил хүртэл хорих ял оногдуулах гэнэ.

Ассанжийг Америкийн талд шилжүүлэн өгөх асуудлыг хэлэлцсэн шүүх хуралдаан дээр Америкийн засгийн газрын ажилтнууд, Америкийн талын эрх ашгийг төлөөлж байгаа хуульчид оролцжээ. Тэгвэл Ассанжийн өмгөөлөгч энэ хуралдааны үеэрWikiLeaks-ыг үүсгэн байгуулагч дээрх хэргийн дагуу ямар ч байцаалт мэдүүлэг өгөхгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр түүнчлэн түүний үйлчлүүлэгчийг Америкийн талд шилжүүлбэл амь нас нь эрсдэлд орж болзошгүй гэдгийг ч илэрхийлжээ. Улмаар шүүх Ассанжийг өөр улс орон руу шилжүүлэн өгөх асуудлыг нээлттэй үлдээж, саатуулах хугацааг сунгасан байна. Энэ хэргийн дагуух дараагийн шүүх хурал ирэх 5-р сарын 2-нд болохоор тов тогтоожээ.

Тэгвэл энэ хооронд WikiLeaks байгууллага Эквадорын талыг олон улсын хууль журам зөрчин, Ассанжийг саатуулах боломж олгосонд буруутгажээ. WikiLeaks –ын үзэж байгаагаар Эквадорын эрх баригчид, тэр дундаа энэ улсын ерөнхийлөгч Ленин Морено түүний нэр холбогдсон авлигын хэрэг, авлигын схемийг задруулахаас болгоомжилж, улмаар Ассанжийг Их Британийн талд баривчлах боломжийг олгосон гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд амьдарч байсан Жулиан Ассанжид жилийн өмнө бүх цахим болон утсан харилцааг тасалж, интернэтэд нэвтрэх боломжийг нь хааснаас гадна түүн дээр гаднаас хүн оруулахгүй, уулзуулахгүй байхыг давхар үүрэгдсэн юм. Энэ шийдвэрийн дараа Ассанж Эквадорын эрх баригчдыг хүний эрхэд халдан, олон улсын хууль журмыг зөрчиж байгаад буруутгаж байжээ.

Тэгвэл эсрэгээр Их Британийн тал Эквадорт Ассанжийг баривчлах боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлжээ. Их Британийн гадаад хэргийн сайд Жереми Хант энэ талаар мэдэгдэл хийж, Лондон болон Китогийн хооронд хийсэн үр дүнтэй яриа хэлэлцээрийн дүнд Ассанжийг баривчлах боломж бүрдсэнийг тэмдэглэжээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө