Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Балбад иргэний агаарын тээврийн онгоц дахин осолдлоо

  Б.Оюун 2019-04-15 432

 Балбад дахин иргэний агаарын тээврийн онгоц осолдлоо. Энэ удаад Балбын Лукла хотоос холгүй байрлах Тенцинг-Хилларигийн нисэх буудалд бага оврын Let-410 загварын онгоц осолдож, эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 3 хүн амиа алдаж, 4 хүн гэмтжээ. Лукла хотоос нийслэл Катмандуг зорин хөөрсөн Summit Air агаарын тээврийн компанийн онгоц хөөрөх үедээ Manang Air компанийн нисдэг тэрэгтэй мөргөлдөж, нислэгийн зурвасаас гарч осолдсон байна.

Ослын талаар Балбын иргэний агаарын тээврийн газраас мэдээлжээ. Осолд өртсөн онгоц болон нисдэг тэргийг эзэмшигч компаниуд нь гадны уулчид, жуулчид болоод нутгийн иргэдэд Балбын уулархаг, хүрэхэд хэцүү газар луу нисдэг үйлддэг хувийн агаарын тээврийн компаниуд юм.

Лукла хотын нисэх буудалд болсон ослын улмаас амиа алдсан 3 хүн нь онгоцны нисэгч болон газарт байсан нисдэг тэрэгний дэргэд зогсч байсан цагдаагийн 2 ажилтан байгаа юм. Нисэгч болон цагдаагийн нэг ажилтан газар дээрээ амиа алдаж, хоёр дахь цагдаа эмнэлэгт хүргэгдсэний дараа амьсгал хураажээ.

Гималайн уулс руу хүрэх гол үүд хаалга гэж нэрлэгддэг Балбын Лукла хотын нисэх буудал нь Эверестын бүсэд байрлах цорын ганц нисэх буудал юм. Энэ буудал далайн түвшнээс дээш 2, 845 метрт байрладаг, дэлхийн хамгийн аюултай, хамгийн богино нислэгийн зурвас талбай бүхий, өндөр уулсын дунд байрлах нисэх буудалд тооцогддог байна.
Нисэх буудлын нислэгийн зурвас талбайнуудын нэг нь л гэхэд 527 метр урттай, цаад талдаа 7 метрийн гүн ангалтай, мөн уулын бүс рүү түрж орсон байрлалтай байдаг гэнэ. Түүнчлэн нислэгийн зурвас талбайн эхлэл болон төгсгөл нь 60 метр орчмын зөрүүтэй налуу байдалтай байдаг юм. Мөн хүчтэй салхи, манан зэрэг цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан нисэх буудлын үйл ажиллагаа үе үе доголддог байна.
Ийнхүү цаг агаарын болоод газарзүйн нөлөө, нисэх буудлын байршил болоод нислэгийн зурвас талбайн онцлог зэргээс шалтгаалан энд зөвхөн туршлагатай нисэгчид л нисдэг үйлддэг юм. Луклагийн нисэх буудалд нислэг үйлдэх зөвшөөрлийг богино зайтай нислэгийн зурвас талбайд 100-аас дээш удаа буулт болон нислэг үйлдсэн, газарзүйн ийм нөхцөлд нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж, тусгай дадлагажуулагч нисэгчийн хяналтан дор мэргэжил дээшлүүлсэн нисэгч нар олгодог байна. Түүнчлэн Балбын орон нутгийн эрх баригчид ирэх 2020 онд Луклагийн нисэх буудалд тусад нь нисдэг тэрэгний буултын талбай барьж байгуулахаар амлаад байгаа юм.
Хүн төрөлхтөнөөс Эверестын оргилд хамгийн анх гарсан нутгийн замч Тенцинг Норгей болон Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари нарын нэрээр нэрлэгдсэн Лукла хотын нисэх буудал нь жил бүрийн 4-р сард хамгийн их ачаалалтай ажилладаг байна. Учир нь энэ үед уулчдын авиралтын улирал эхэлдэг учраас нислэгийн захиалга хамгийн их, хөл хөдөлгөөн ч ихтэй байдаг юм.

БАЛБЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВЭР
Өмнөд Азийн нутагт байрлах, Энэтхэг болон Хятадтай хил залгаа Балбын Вант улс нь Гималайн уулсын дунд байрлах жижиг улс. Сүүлийн жилүүдэд энэ улсын иргэний агаарын тээврийн салбарыг Гималай, Эверестыг зорих жуулчдын хөлд дарагдаж байгаагаас шалтгаалан онцгой анхаарал тавин хөгжүүлсээр ирсэн ч аюулгүй байдлын асуудал дээр бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй байна. Энэ нь юуны түрүүнд нисэгчдийн ур чадвар болоод агаарын техникийн засвар үйлчилгээ, аюулгүй байдлыг сахих, мөн урьдчилж болшгүй хүчин зүйл болох байгаль дэлхийн ааш авир сөргөөр нөлөөлж байгаа юм.
Өнгөрсөн 2-р сард Балбад нисдэг тэрэг осолдож, 7 хүн харамсалтайгаар амиа алдсаны дотор энэ улсын аялал жуулчлал, соёл урлаг болоод иргэний агаарын тээврийн сайд Рабиндра Адхикари байжээ.

Крушение

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө