Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, БНАСАУ-ыг цөмийн түлш бэлтгэж байгаад хардаж байна

  Б.Оюун 2019-04-17 267

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун нар Алс Дорнодын Владивосток хотноо нүүр тулан уулзахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл цацагдахтай зэрэгцэн АНУ-ын тал Умард Солонгосыг цөмийн цэнэгт хошуунд зориулан цөмийн түлшний үйлдвэрлэлээ сэргээсэнд хардаж байгаа талаар мэдэгджээ. Америкийн стратегийн болон олон улсын судалгааны төвийн мэргэжилтнүүд Пхеньяныг Йонбен дахь цөмийн байгууламжиндаа цөмийн түлш боловсруулах ажиллагааг сэргээн явуулж байгаад хардаж байна.

Америкийн стратегийн болон олон улсын судалгааны төвийн мэргэжилтнүүд энэ талаар мэдээлэхдээ энэ сарын 12-нд сансрын хиймэл дагуулаас авсан зураг сэлтэд дүн шинжилгээ хийсний дүнд дээрх дүгнэлтэд хүрсэн талаараа тодруулсан байна.

Сансрын хиймэл дагуулаас авсан зураг сэлтэд Умард Солонгосын Йонбен дахь цөмийн байгууламж, судалгааны төвд уран баяжуулах үйлдвэр болоод радио-химийн лабораторийн дэргэд тусгай 5 вагон байгаа нь тодхон харагдаж байжээ. Магадгүй эдгээр вагоноор цөмийн төв руу радио идэвхит бодис тээвэрлэсэн байж болох таамгийг Америкийн мэргэжилтнүүд дэвшүүлээд байгаа юм. Учир нь өмнө нь Пхеньян чухам ийм төрлийн вагоноор Йонбен дахь цөмийн байгууламж руу цөмийн түлш боловсруулахаар плутони тээвэрлэдэг байжээ.

Түүнчлэн Америкийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар сансрын хиймэл дагуулаас авсан зурган дээр Йонбен дахь цөмийн реакторын баруун талаар орсон зам дагуу барилгын өргөгч кран байрлуулсан байгаа нь ч тодхон харагдаж байгаа гэнэ. Одоогоор барилгын краныг ямар зорилгоор энд байрлуулсан талаар Америкийн мэргэжилтнүүд ямар нэгэн таамаг дэвшүүлээгүй байна.

Умард Солонгосын Йонбен дахь цөмийн реакторыг 1986 онд барьж байгуулан ашиглалтанд оруулж байжээ. Энэхүү байгууламжийг түшиглэн зэвсгийн плутони үйлдвэрлэх, мөн цөмийн уран баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэр мөн байгуулжээ. Пхеньяны талын мэдээлж байгаагаар сүүлийн уран баяжуулах зориулалт бүхий үйлдвэрийг энхийн зорилгоор, цөмийн эрчим хүч гарган авахад зориулан байгуулсан гэдэг байна. Гэсэн ч Йонбений бүс нутагт Америк болон Өмнөд Солонгосын талын таамаглаж байгаагаар зэвсгийн уран боловсруулах зориулалт бүхий нууц, газар дорх үйлдвэр давхар ажилладаг гэж үздэг байна. Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар Йонбен дахь үйлдвэр нэг жил тасралтгүй ажиллахад хэд хэдэн цөмийн цэнэгт хошууг цэнэглэх боломжтой цөмийн зэвсгийн материал боловсруулах хүчин чадалтай юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө