Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

БНАСАУ-ын удирдагч ОХУ-д айлчилна

  Б.Оюун 2019-04-17 416

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ирэх долоо хоногт ОХУ-д айлчилна. Энэ талаарх мэдээллийг ОХУ-ын гадаад хэргийн яамнаас өгч, Умардын удирдагчийн айлчлалтай холбоотой бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн талаар батлан мэдэгджээ. Ингэхдээ эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун Оросын Алс Дорнодын бүс нутаг, тодруулбал Владивосток хотыг зорих гэнэ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинэнэ сарын 26-27-ны өдрүүдэд Хятадын нийслэл Бээжин хотноо болох “Нэг бүс-нэг зам” дээд уулзалтад оролцохоос өмнө БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай Владивосток хотноо уулзахаар төлөвлөөд байгаа юм.

Умард Солонгосын удирдагч ойрын хугацаанд ихэд завгүй байж, төрийн дээд хэмжээний олон чухал уулзалтад бэлтгэж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байгаа юм. Тухайлбал Ким Чен Ун, АНУ-ын тэргүүн Дональд Трамптай 3 дахь удаагийн нүүр тулсан уулзалт хийхээр зөвшөөрч, өмнө нь тодорхой үр дүнд хүрч чадалгүй өндөрлөсөн Вьетнамын дээд уулзалтыг үргэлжлүүлэх саналыг хүлээн авсан байна. Түүнчлэн Умардын удирдагчид Өмнөд Солонгосын эрх баригчдын зүгээс Хоёр Солонгосын ээлжит уулзалт явуулах санал ирсэн байна.

Магадгүй эдгээр уулзалтууд Умард Солонгосын тэргүүнийг ОХУ-д айлчлал хийж, бүс нутгийн томоохон улс гүрэнтэй яриа хэлэлцээр хийн, Солонгосын хойгийн асуудлаарх цаашдын байр суурь, олон улсын чиг хандлагыг тодорхойлоход чиг баримжаа өгөхөд өдөөсөн байж болох талаар дипломат эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песков долоо хоногийн эхээр хийсэн мэдэгдэлдээ Умард Солонгосын болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын нүүр тулсан уулзалтад бэлтгэх үйл явц эртнээс эхэлсэн талаар мэдээлж, уулзалтын тодорхой товыг л хүлээж байсныг тодруулжээ. Тэгвэл энэхүү уулзалт ойрын үед, бүр тодруулбал ирэх долоо хоногт болно гэдэг нь ОХУ-ын гадаад хэргийн яамны албаны мэдэгдлээс гадна энэ улсад Умард Солонгосын албаны хүн болох Ким Чхан Сон хүрэлцэн ирсэн баримтаар мөн баталгаажиж байгаа юм. Ким Чхан Сон нь улсынхаа удирдагчийн Сингапур болон Вьетнамд хийж байсан өмнөх албан айлчлалуудын зохион байгуулалтын ажлыг хариуцаж байжээ. Тэгвэл тэрээр энэ удаад өнгөрсөн 3-р сарын 19-25-ны хооронд Москва болон Владивосток хотноо ажилласан байна. Түүнчлэн Ким Чхан Соны энэ ажлын айлчлалын дараагаар ОХУ-ын дотоод хэргийн яамны тэргүүн Владимир Колокольцев мөн адил Пхеньянд очиж, ажлын айлчлал хийгээд ирсэн байна.

Мөн Орос, Умард Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт болох гэж байгаа баримтыг баталж байгаа бас нэгэн хүчин зүйл нь Владивостокийн агаарын нислэгийн хуваарьт Пхеньяны чиглэл нэмэгдсэн явдал юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ сарын 23-ны мягмар гарагт орон нутгийн цагаар өглөөний 11 цагт Пхеньянаас Владивостокт Ту-204 онгоц ирэх хуваарь зоогдсон байна. Тэгвэл жирийн өдрүүдийн нислэгийн хуваариар Пхеньян-Владивосток чиглэлд даваа болон баасан гарагуудад нислэгтэй байдаг гэнэ.

Өмнөд Солонгосын KBS сувгийн мэдээлж байгаагаар 23-ны өдрийн нислэгээр Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны аюулгүйн байдлын албаныхан хоёр улсын тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Владивостокт ирж байж болох талаар мөн мэдээлжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө