Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ, Венесуэл Кубын эсрэг шинэ хориг тогтоожээ

  Б.Оюун 2019-04-18 339

АНУ-ын эрх баригчид Венесуэл болон Кубын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаа талаараа мэдээлжээ. Хоригийг Венесуэлын ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газарт шахалт үзүүлэх зорилгоор авч байгаа гэж Вашингтоны эрх баригчид мэдэгдсэн байна.

АНУ, Венесуэлын хууль ёсны ерөнхийлөгч Мадурог төрийн эрхээс буулгаж, энэ улсын сөрөг хүчний тэргүүнийг дэмжих бодлого баримталж байгаа юм.

Энэ удаад Вашингтон Венесуэлын төв банк болон Мадурогийн засгийн газрыг дэмжиж байгаа Кубын эсрэг шинээр хориг тавьж байгаа юм. Энэ талаар АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгджээ. Болтон Вашингтоны эрх баригчдын шийдвэрийн талаар мэдэгдэхдээ хоригт зөвхөн Венесуэл төдийгүй мөн энэ улсын эрх баригчдын талд зогсдог Кубыг нэгтгэн хамруулж байгаа талаар мэдээлж, Кубын нэр бүхий 5 компанийг “хар жагсаалт”-д багтааж байгаа тухай мэдээлжээ. Америкийн хоригт Кубын цэргийнхэний хяналтан дор байдаг Aerogaviota агаарын тээврийн компани багтжээ.

Болтон Америкийн эрх баригчдын шийдвэрийн талаар мэдэгдэхдээ “бид улс орноо дарангуйлагчдыг хэзээ ч дэмжихгүй. Бид тэднийг зайлуулдаг” гэж хэлсэн байна.

Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Америкчууд хувийн өмч хөрөнгөнд нь халдаж байгаа Куба дахь компаниудтай шүүхдэлцэх эрхтэй гэж мэдэгдэн, өмнө нь Америкчуудын өмч байсан ч Фидель Кастрогийн 1959 онд байгуулсан хувьсгалын дараа төрийн өмчид шилжсэн өмч хөрөнгөө буцаан авах зорилгоор шүүхэд хандах эрхтэй гэж тодруулсан байна.

Тэгвэл Америкийн төрийн тэргүүний дээрх шийдвэр, мэдэгдлийг Европын улс орнууд, түүнчлэн Канад улс эсэргүүцэн шүүмжилсэн байна. Эдгээр орнууд Вашингтоны шийдвэрийг Венесуэлын ерөнхийлөгч Мадурогийн нэрээр бусад улс орны эсрэг хориг тогтоож байгааг хоорондоо авцалдахгүй шийдвэр гэж үзэж байгаа юм. Үнэхээр ч Вашингтон Мадурогийн дэглэмийг дэмжиж, энэ улсад хөрөнгө оруулалтаа чиглүүлээд байгаа гэсэн нэрийдлээр Кубын эсрэг хориг тавьж байгаа нь утгагүй алхам гэж үзсэн байна.

Тэгвэл Венесуэлд урьдын адил дотоодын нөхцөл байдал тогтворгүй, төр засгийн эрх мэдэл хуваагдсан хэвээр байна. Венесуэлд өнгөрсөн онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Мадуро тэргүүлсэн ч энэ улсын сөрөг хүчин болоод Барууны улс орнууд, Латин Америкийн нэр бүхий орнууд сонгуулийн дүн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Гадны улс орнууд Мадурогийн тэргүүлж байгаа засгийн газрыг хууль бус гэж үзэн, Венесуэлтэй харилцаагаа таслаад байгаа юм. АНУ болон бусад нэр бүхий улс орнууд Мадурог улс орноо тэргүүлэх эрхгүй гэж үзэн, өөрийгөө сайн дураараа улсынхаа ерөнхийлөгчөөр өргөмжилсөн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог дэмжих болно гэдгээ илэрхийлээд байгаа юм. Венесуэлын Үндэсний ассамблейн тэргүүн, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн 1-р сард өөрийгөө улсынхаа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлан тунхагласан юм.

Венесуэлд ийнхүү улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаан дээр энэ улсын эдийн засаг доройтон, инфляци 1 сая хувиас давж, үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдээд байна. Венесуэлын эдийн засгийн өнөөгийн байр байдлыг мэргэжилтнүүд 1920-иод оны Веймар, 2000-аад оны Зимбабве улсын эдийн засгийн нөхцөл байдалтай жишин зүйрлэж байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө