Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Пхеньян тактикийн шинэ зэвсэг туршлаа

  Б.Оюун 2019-04-18 780

Умард Солонгос шинэ загварын “тактикийн удирдлагатай зэвсэг” туршсан талаараа мэдэгджээ. Умард Солонгосын улсын мэдээллийн агентлагийн уламжилж байгаагаар шинэ зэр зэвсгийн туршилтыг энэ улсын удирдагч Ким Чен Ун биечлэн хянаж, туршилт амжилттай явагдсанд цэргийнхэнд талархал илэрхийлэн, магтан сайшаасан байна.

Пхеньяны хувьд энэ нь Вьетнамд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын сүүлийн уулзалт амжилтад хүрэлгүй, үр дүнгүй явагдсанаас хойш хийж байгаа анхны зэвсгийн туршилт болжээ.

Пхеньян чухам ямар төрлийн зэвсгийн туршилт явуулснаа тодорхой мэдэгдээгүй ч “тактикийн зэвсэг” гэсэн ойлголтод дундын зайн тусгал бүхий зэр зэвсгийг хамруулдаг гэж цэргийн мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс магадгүй Умардынхан энэ удаад дундын зайн тусгалтай, алсын удирдлагатай шинэ загварын зэвсэг туршсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. Америкийн тал Умард Солонгосын алсын зайн тусгалтай, баллистик пуужингаас гол аюул заналхийлэл ирж болзошгүй гэж болгоомжилдог байна.

Тэгвэл Пхеньяны эрх баригчид сүүлд туршсан тактикийн зэвсэг нь онцгой тусах чадвартайгаас гадна цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай гэдгийг нь тодотгожээ.

Умард Солонгосын эх сурвалжууд шинээр туршсан зэвсэг нь улс орных нь цэрэг армийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой болохыг мөн тэмдэглэж байгаа юм.

Өнгөрсөн оны 11-р сард Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун Пхеньяны туршсан бас нэгэн тактикийн зэвсгийн туршилтыг биечлэн хянаж байжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Умард Солонгосын тал өөрийн зэвсэгт хүчний тоон дээр илүүтэй анхаарал хандуулдаг ч сүүлийн үед зэвсэглэлийн хүчин чадалдаа мөн шинэчлэлт хийж, өндөр технологийн зэр зэвсгээ хөгжүүлж байгаа юм. Умард Солонгосын арми өнөөдөр эгнээндээ 1,3 сая цэрэг дайчинтай, дэлхийн хамгийн хүчирхэг армийн тоонд багтдаг байна.

Ким Чен Ын

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө