Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нотр Дамд гарсан галын шалтгааныг тогтоожээ

  Б.Оюун 2019-04-19 684

Энэ долоо хоногийн эхээр Францын нийслэл Парис хотын гол билэг тэмдгүүдийн нэг болох Парисын Дарь эхийн сүм буюу Эх дагинын цогчин сүм галд автан шатсан харамсалтай хэрэг болсон. ЮНЕСКО-гоос дэлхийн өв соёлын жагсаалтад багтаасан, хүн төрөлхтөний түүх соёлын томоохон билгэдэл болсон Нотр Дам де Пари буюу Дарь эхийн ариун сүмд гарсан галыг Францын гал сөнөөгчид шуурхай унтраан, соёлын их эд өлгийн зүйлсийг аварч хамгаалж чадсан.

Сүмийн барилгын дээвэр хэсэг, зарим тулгуур багана, мөн сүмийн орой дээрх гадас шатсан ч чулуун барилгыг бүхэлд нь аварч үлдэж чадсан юм. Тэгвэл энэ хооронд Дарь эхийн сүмд гарсан галын шалтгаан нөхцлийг мэргэжилтнүүд тогтоосон байна. Парисын прокурорын албанаас мэдээлж байгаагаар Эх дагины цогчин сүмд гарсан гал цахилгааны богино холболтоос үүдэлтэй болохыг тогтоожээ.

Чухам ийм дүгнэлтэд гал гарсан Дарь эхийн сүмд үзлэг шинжилгээ хийсэн галын мэргэжилтнүүд хүрсэн байна. Түүнчлэн цагдаагийн албаны мэдээлэлд дурьдсанаар түймэр хэн нэгний анхаарал болгоомжгүй үйлдлээс биш харин цэвэр санаандгүй байдлаас болж гарсан болохыг ч тогтоожээ. Гал гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа Парис хотын прокурорын албаны шинжээчид түүнчлэн болсон хэрэг явдлын дүр зургийг дахин сэргээхийн тулд Дарь эхийн сүмд сэргээн засварын ажил гүйцэтгэж байсан хүмүүстэй нэгбүрчлэн уулзаж, нөхцөл байдлыг шалгаж байгаа юм.

Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүмд гарсан галыг Дарь эхийн сүмийн сэргээн засварлах ажилтай холбон үзэж, магадгүй чухам энэ ажлын үеэр гал алдсан гэж мэдээлж байжээ. Тэгвэл Францын прокурорын албаныхан гал хэн нэгний буруутай, хариуцлагагүй үйлдлээс биш харин санаандгүй байдлаас болж гарсныг тодруулж, үүнд хэн нэгнийг буруутгах үндэслэл байхгүй юмаа гэдгийг онцолсон байна.

Францын Нотр Дам буюу Парисын Дарь эхийн сүм нь тэртээ 13-р зууны үед баригдсан, Парис хотын Сите арал дээр байрладаг, 850 гаруй жилийн настай католик шашны эртний сүм юм. Сите арлын зүүн хэсэгт байрлах энэ сүм нь эртний Галл-Ромын Юпитерын сүмийн суурин дээр, Парис хотын анхны христийн сүм болох Гэгээн Стефаний сүм байсан газарт баригдсан католик шашны цогчин дуган юм.

Алдарт зохиолч Виктор Мари Хюго-гийн “Notre-Dame de Paris буюу Парисын Дарь эхийн сүм гэсэн алдартай романаар хүн төрөлхтөнд танигдсан энэхүү байгууламжийг үзэж сонирхохоор жил бүр Францын нийслэлийг 13 сая гаруй жуулчин зорин очдог байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө