Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Владимир Зеленский Украины ерөнхийлөгчөөр сонгогдлоо

  Б.Оюун 2019-04-22 577

Ням гарагт Украинд энэ улсыг ирэх 5 жилд удирдах төрийн тэргүүнээ сонгох сонгууль боллоо. Украины ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болж, эхний сонгууль өнгөрсөн 3-р сарын 31-нд болсон бол хоёр дахь шатны сонгууль энэ ням гарагт болсон юм. Ерөнхийлөгчийн эхний шатны сонгуулиар нэр дэвшигчдээс хэн ч нь ялалт байгуулахад шаардлагатай санал авч чадаагүй учраас энэ ням гарагт хоёр дахь шатны сонгууль болж, эхний шатнаас сонгуульд хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч болох Владимир Зеленский, Пётр Порошенко нар өрсөлдсөн юм. Тэгвэл ням гарагийн сонгуульд Украины шоумен, жүжигчин Владимир Зеленский өрсөлдөгчөө хол хаян тэргүүлж Украины дараагийн төрийн тэргүүнээр сонгогдсон нь тодорхой болжээ.

Image result for Владимир Зеленский Украины ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Украины Үндэсний экзитполын дүн мэдээгээр Зеленскийн төлөө иргэдийн 73,2% нь саналаа өгч, түүний өрсөлдөгч Украины одоогийн ерөнхийлөгч Пётр Порошенко сонгуульд 25,3%-ийн санал авсан дүнтэй байна. Ингэхдээ Зеленский өрсөлдөгчөө хол хаян тэргүүлж, түүний төлөө Украины зүүн бүсийн иргэдийн дийлэнх нь буюу бараг 88% нь дангаар саналаа өгч, Баруун бүсийн иргэд сонгогчдын 57% нь итгэл үзүүлжээ.

Украины Үндэсний экзитпол нь олон улсын байгууллагаас санжүүждэг, Украины улс төрийн намууд болон нэр дэвшигчдээс хараат бус учраас эндээс өгч байгаа сонгуулийн дүн мэдээнд эргэлзэх шаардлагагүй гэж үзэж байна. Тэгвэл Украины сонгуулийн төв хорооны мэдээгээр Зеленский 72,87%, харин Порошенко 24,8%-ийн санал тус тус авсан гэх урьдчилсан дүнг танилцуулжээ. Түүнчлэн Украины ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн үеэр олон арван гомдол санал гарсан, сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл бүртгэгдсэн гэж байгаа ч энэ бүхэн сонгуулийн эцсийн дүн байдалд нөлөөлөхгүй болох нь нэр дэвшигчдийн авсан хол зөрүүтэй саналаас тодорхой болж байгаа юм.

ПОРОШЕНКО ЯЛАГДЛАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

Порошенко энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцож, нэр дэвшигч Зеленскийд ялагдсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр экзитполын дүн мэдээ тодорхой болсны дараагаар өөрийн өрсөлдөгчид баяр хүргэн, утас цохихоос өөр сонголт үлдээгүй талаар мэдэгджээ. Владимир Зеленский сонгуульд дийлэнх олонхийн санал авч тэргүүлэн, баяраа өөрийг нь дэмжсэн сонгогч олонтойгоо хуваалцан, сонгуулийн төв штабтаа баяраа тэмдэглэсэн байна.

УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ

Украины ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуультай харьцуулахад маш олон тооны буюу нийтдээ 39 нэр дэвшигч өрсөлдсөн. Сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнгээр Зеленский сонгогчдын 30,6%-ийн санал авч тэргүүлсэн бол түүний араас Порошенко 17,8%-ийн саналаар удаалсан байна. Ийнхүү хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийн араас Юлия Тимошенко 14,2%, Юрий Бойко 9,7%, мөн Анатолий Гриценко 7,1%-ийн санал тус тус авч эхний 5 байранд жагссан байна. Украины ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд нэр дэвшигчдээс хэн нь ч 50%-ийн амжилт үзүүлж чадаагүй учраас хоёр дахь шатны сонгууль явуулсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө