Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Шри ланкийн халдлагын талаар 2 долоо хоногийн өмнө мэдэгдэж байжээ

  Б.Оюун 2019-04-23 1526

 Шри Ланкийн нийслэл Коломбо хотноо даваа гарагт дахин шинэ дэлбэрэлт болжээ. Ройтер мэдээллийн агентлагийн уламжилж байгаагаар энд тэсрэх бөмбөг суурилуулсан фургон машин дэлбэрсэн байна. Машиныг Коломбо хотын христийн сүмийн дэргэд байрлуулан орхисон байжээ.

Шри Ланкад өнгөрсөн ням гарагт ар араасаа 8 удаа хүчтэй халдлага дэлбэрэлт болж, эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эдгээрт 300-аад хүн өртөн амиа алдаж, олон тооны хүн гэмтэж шархадсан юм. Шри Ланкийн эрх баригчид улс орондоо болсон халдлага дэлбэрэлтүүдийг урьднаас төлөвлөн санаатай зохион байгуулсан алан хядах ажиллагаа гэж үзэн, мөрдөн шалгах ажил явуулж байна.

Тэгвэл энэ хооронд Шри Ланкийн эрх баригчид улсынх нь аюулгүйн албадад болзошгүй халдлага дайралтын талаар одоогоос хоёр долоо хоногийн өмнө анхааруулсан мэдээлэл ирсэн талаарх баримтыг дэлгэсэн байна. Тэдэнд гадны улс орнуудын тусгай албадаас арлын нутаг дэвсгэр дээр алан хядах ажиллагаа явуулахаар зохион байгуулж, бэлтгэж байгаа тухай мэдээлэл ирж байжээ. Түүнчлэн энэ талаар мэдээлэл ирсний дараа, халдлага болохоос 5 хоногийн өмнө халдлагыг зохион байгуулагчдын нэр усыг ил болгосон мэдээлэл ч мөн ирсэн байна. Гэвч Шри Ланкийн хууль хүчний байгууллага, аюулгүйн албад авсан мэдээллээ цаг алдалгүй боловсруулж чадалгүй, улс орондоо болсон балмад халдлагаас сэргийлж чадаагүй байна.

Ням гарагт Шри Ланкад улаан өндөгний баярын үеэр нийслэл Коломбо хотын дээд зэрэглэлийн зочид буудлууд болон сүмийн барилгад ар араасаа хүчтэй дэлбэрэлт болж, амиа золиослогчид балмад халдлага үйлджээ. Халдлага нийслэл Коломбогоос гадна Кохчай-каде, Батти-калоа болон Негомбо гэх нийслэл хотын дагуул хотуудад болсон юм. Халдлагад Коломбо хотын дагуул хотуудын католик сүм хийдүүд, мөн нийслэлд байрлах “Шангри-ла”, “Синнамон Гранд”, “Кингсбери” зэрэг зочид буудлууд өртөж, ар араасаа 6 удаа хүчтэй дэлбэрэлт болсон юм. Удалгүй бараг нэгэн зэрэг болсон 6 дэлбэрэлтийн араас хоёр цагийн дараа Шри Ланкад 7, 8 дахь халдлагууд болж, энэ удаад амьтны хүрээлэнгийн дэргэдэх жижиг зочид буудал, мөн Коломбо хотын Дематагодад хүчтэй дэлбэрэлт болж цагдаагийн ажилтнууд өртсөн байна.

Image result for О готовящемся теракте было известно за две недели

Шри Ланкад болсон халдлагад гадны 13 улс орны 35 иргэн өртөн амиа алдсан юм. Тэдний дотор Их Британийн бэлэн хувцасны ASOS онлайн дэлгүүрийн хувьцаа эзэмшигч, Данийн хамгийн баян эрхэм болох Андерс Холч Повлсены 3 хүүхэд нь байгаа юм. Тэд улаан өндөгний баяраа тэмдэглэхээр Шри Ланкад ирээд байжээ.

Шри Ланкад болсон балмад халдлага дэлбэрэлтэд гадны иргэд цөөнгүй өртөж амиа алдсан учраас халдлагын хэргийг олон улсын хэмжээнд мөрдөн шалгахаар болж, Интерполын хүрээнд халдлагыг зохион байгуулагчдыг эрэн сурвалжлах юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө