Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Нефтийн үнэ өссөөр байна

  Б.Оюун 2019-04-24 216

Дэлхийн зах зээл дээр сүүлийн өдрүүдэд нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш огцом өсч байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хар алтны үнэ ийнхүү өсч байгаа нь АНУ-ын зүгээс Иран улсын эсрэг хоригоо чангатгаж байгаатай холбоотой юм. Даваа гарагийн арилжаагаар нефтийн үнэ ханш 2018 оны 11-р сараас хойшхи хамгийн өндөр үнэ ханшид тулж очсон байна. Энэ өдөр таваарын биржүүд дээр нэг баррель нефтийн үнэ ойролцоогоор 74,5 долларын үнэд хүрч, өмнөх арилжаанаас $2,16-ээр нэмэгджээ.

Нефтийн үнэ ийнхүү сүүлийн үед тогтмол өсөлттэй байгаа нь АНУ энэ сарын 19-нд  Ираны эсрэг хориг тогтоож, Персийн булангийн энэ орноос нефть худалдан авахыг бүрэн хориглох шийдвэр гаргасантай холбоотой юм.

Вашингтоны эрх баригчдын энэ шийдвэрээс хойш дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тогтмол өссөөр Брент маркийн нефтийн үнэ өнгөрсөн оны 11-р сараас хойш өссөөр, баррель нь $74,70-ийн ханшид хүрсэн бол WTI маркийн нефть баррель нь $66,5 –ын ханштай арилжаалагджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 19-нд шийдвэр гаргаж, ирэх 5-р сараас эхлэн Ираны нефтийн салбарын эсрэг хориг тогтоож, бусад улс орнуудад ч мөн энэхүү хоригийг дагаж мөрдөхөд уриалжээ. Ингэхдээ одоогоос хагас жилийн өмнө Вашингтон дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөхгүйн тулд Иранаас нефть, нүүрс-устөрөгч импортолдог 8 улс оронд онцгой нөхцөл санал болгоод байжээ. Энэ дагуу дээрх нэр бүхий 8 улс орноос өнөөдрийн байдлаар Грек, Итали болон Тайвань улсууд Иранаас авах нефтийн бүтээгдэхүүний импортоо бүрэн зогсоогоод байгаа юм.

Ираны эсрэг АНУ-ын хориг 2018 оны 11-р сарын 4-нөөс эхлэн анх хэрэгжиж эхэлсэн ч сая Вашингтоны эрх баригчид хоригоо дахин чангатгасан байна. Энэ дагуу Иран улсаас хоригийг зөрчин хар алтны наймаа хийсэн тохиолдолд тухайн улс орны эсрэг давхар хориг тавихаар тусгагдаад байжээ. Ингэхдээ зөвхөн дээр дурьдсан 8 улс орон, тухайлбал Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Турк, Итали, Грек улсуудад АНУ-ын тал Иранаас нефть үргэлжлүүлэн худалдаж авсан ч гэрээнд тусгагдсанаас хэмжээг нь илүү гаргахгүй байхыг заагаад байжээ.

Түүнчлэн хориг зааснаар ирэх 5-р сарын 4 гэхэд Хятад, Энэтхэг болон бусад 6 улс орон Иранаас худалдан авч байгаа нефтийн импортоо зогсоох учиртай юм.

АНУ-аас Иран улсын эсрэг тавьсан нефтийн хоригийн улмаас Иран улс энэ 4-р сарын эхээр л гэхэд 10 тэрбум ам. долларын алдагдал хүлээж, Тегераны нефтийн салбараасаа олдог ашиг орлого жилийн өмнөх байдалтай харьцуулахад хоногт 1,5 сая баррелиар буурчээ.

Тэгвэл ОПЕК буюу нефть экспортлогч улс орнуудын нийгэмлэгийн мэдээлэлд дурьдсанаар Иран улс 2019 оны 3-р сарын байдлаар хоногт 2,6 сая баррель нефть олборлож байна. Энэ нь Иран улс өмнө нь олборлож байсан нефтийн хэмжээнээсээ 30%-иар бага олборлолт явуулж байгаа хэрэг юм.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө