Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Иран улс албан ёсоор Олон улсын цөмийн гэрээний зарим зүйл заалтыг даган мөрдөхөө зогсоов

  М.Даваадулам 2019-05-15 329

Иран улс өнөөдрөөс албан ёсоор Олон улсын цөмийн гэрээний хоёр зүйл заалтыг даган мөрдөхөө зогсоолоо. Энэ шийдвэрээ одоогоос долоо хоногийн өмнө Тегеран танилцуулсан. Иран улсын Үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөл холбогдох шийдвэр гаргаснаар 2015 онд олон улсын нийгэмлэгтэй байгуулсан цөмийн гэрээний хоёр зүйл заалтыг Тегеран өнөөдрөөс даган мөрдөхөө зогсоож байна.

Иран улсын Үндэсний аюулгүй байдлын Дээд зөвлөлөөс мэдээлснээр ойрын өдрүүдэд ард иргэдэд Тегераны авч хэрэгжүүлэх алхмуудын талаар мэдээлэх юм байна. Мөн Арак болон Натанза дахь цөмийн объектуудад хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг оруулан сурвалжлага мэдээ бэлтгүүлэх төлөвлөгөө ч боловсруулжээ.

Тегераны хувьд одоогоос долоо хоногийн өмнө тус гэрээнээс бүрэн гарахгүй, гэхдээ зарим зүйл заалтыг цаашид даган мөрдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ уран баяжуулах үйл ажиллагаагаа сэргээж, Арак дахь хүнд усны реакторыг шинэчлэх ажлыг ч эхлүүлж магадгүй гэдгээ анхааруулсан. Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээний оролцогч бусад таван улс өөрсдийн хүлээсэн үүрэг амлалтаа ирэх 60 хоногт биелүүлэхгүй бол Тегераны зүгээс эдгээр арга алхамыг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй гэсэн юм.

АНУ одоогоос жилийн өмнө Ираны цөмийн гэрээнээс гарсан. Энэ үйл явдлын нэг жилийн ойн дээр Иран улс ч мөн тус гэрээний дагуу хүлээсэн зарим үүргээсээ хэсэгчлэн татгалзаж байгаа юм. Вашингтоны хувьд 2018 оны 5-р сарын 8-ны өдөр Иран улстай байгуулсан олон улсын цөмийн гэрээнээс гарч байгаагаа зарласан. Ингэснээр Иран улсын эсрэг өмнө үйлчилж байсан бүх хориг сэргэж, эргээд хэвийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснийг зарласан. Мөн шинээр ч удаа дараа хориг тогтоосон. Вашингтоны хувьд шинээр авч хэрэгжүүлсэн хоригууд нь Иран улсын газрын тосны экспортыг тэглэх, улмаар дэлхийн бусад улс орныг Иранаас газрын тос худалдан авахыг зогсоох зорилготой байсан юм.

**

Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар арван жилийн туршид олон улсын түвшинд хэлэлцсэний дүнд 2015 оны 4-р сарын 2-ны өдөр Швейцарын Лозанн хотноо Иран болон дэлхийн зургаан их гүрний төлөөлөл нэгдсэн тохиролцоонд хүрч чадсан. Улмаар тухайн оны 7-р сард Ираны цөминй гэрээ байгуулсан. Гэрээгээр суурь нөхцлүүдээ тохиролцож, Ираны эсрэг тогтоосон хоригийн дийлэнхийг Барууны улс орнууд цуцалж, Иран улс харин цөмийн хөтөлбөрөө танах үүрэг хүлээсэн.

2015 оны 7-р сарын 15-ны өдөр Иран улс болон “5+1” бүлэг буюу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн АНУ, Их Британи, БНХАУ болон ОХУ, мөн нэмэх нь ХБНГУ хамтран олон улсын гэрээ байгуулсан. Дөрвөн хуудас бүхий тус гэрээний дагуу Иран улс ОУЦЭХА-ийн мэргэжилтнүүдийг дотоодын цөмийн объектуудад нэвтрэхийг зөвшөөрч, хяналт шалгалт хийлгүүлнэ. Хариуд нь олон улсын нийгэмлэг Тегераны эсрэг хоригоо цуцлахаар тохиролцсон. Тус гэрээний үндсэн зүйл заалтуудын хувьд:

  • Иран улс одоо байгаа цөмийн центрифугийн  гуравны хоёрынх нь үйл ажиллагааг зогсооно. Мөн ураны бага агууламжтай цөмийн түлшний нөөцөө бууруулахаар тогтсон байна.
  • Ашиглахгүй байгаа центрифугийг ОУЦЭХА-гийн агуулахад хадгална.
  • Ираны бүх л цөмийн байгууламжийн үйл ажиллагаанд ОУЦЭХА тогтмол хяналт тавина.
  • Ираны Арак хот дахь хүнд усны цөмийн реакторыг сэргээн засварлаж, цөмийн зэвсэг үйлдэрлэхэд ашиглах плутоний гаргаж авах хүчин чадлыг нь бууруулна.
  • Ираны цөмийн хөтөлбөрөөс шалтгаалан энэ улсын эсрэг тавьсан ЕХ болон АНУ-ын хоригийг шат дараатай хүчингүй болгоно. Гэхдээ Иран улс гэрээний дагуу өөрт ноогдсон үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоригийг сэргээж болзошгүй гэж Америкийн дипломат төлөөлөгч мэдэгдлээ.

Хэрэв олон улсын цөмийн гэрээний талууд өөрсдийн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй бол Иран улс ураны баяжуулалтаа сэргээхээ мэдэгдлээ. Иран улсын Ерөнхийлөгч Хасан Рухани ийнхүү гэрээний дагуух үүрэг хариуцлагаа биелүүлж эхлэхэд талуудад 60 хоногийн хугацаа олгож байгааг зарласан юм.

Үүнд Ираны банкны салбар болон газрын тосны худалдааг тойрсон гэрээний үүргийг биелүүлэх асуудал багтаж байна. Хэрэв ирэх 60 хоногт гэрээний талууд эдгээр зүйл заалтын дагуух үүрэг хариуцлагаа даган мөрдөж, хэрэгжүүлэхгүй бол Тегеран ураны баяжуулалтаа сэргээхээс гадна Арак дахь хүнд усны реакторын үйл ажиллагааг сэргээнэ гэлээ. 

Вашингтоны дарамт шахалт дор Тегеран нь олон улсын төлбөр тооцооны SWIFT тогтолцооноос хасагдсан. Ингэснээр Иран улсын бизнес эрхлэгчид гадны түншүүдтэйгээ хамтран ажиллаж, санхүүгийн гүйлгээ, төлбөр тооцоо хийхэд хүндрэл учирсан.

Вашингтоны хоригийг тойрон Иран улстай худалдаа наймаа эрхлэх гарцыг ЕХ олсон. 2019 оны 1-р сард Берлин, Лондон, Парис хамтран Иран улстай төлбөр тооцоо хийх шинэ тусгай механизм боловсруулснаа зарласан бөгөөд энэ нь АНУ-ын хоригоос гадуур, тус хоригийг зөрчилгүй Тегерантай худалдаа эрхлэх боломж олгож байгааг тодотгосон. Үүний тулд Франц, Их Британи, ХБНГУ хамтран INSTEX гэх төслийн компани байгуулсан. Гэхдээ тус төлбөр тооцооны механизм өнөөг хир ажиллагаанд ороогүй байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө