Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй огцрохоо зарлав

  М.Даваадулам 2019-05-25 791

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй огцрохоо зарлалаа. Брекзит явуулж чадахгүй байгаа нь ийнхүү Засгийн газрын тэргүүний суудлыг орхих шалтгаан болж байна. Тереза Мэй ирэх сарын 7-ны өдөр төрийн эрхийг баригч Консерватив намын даргын суудлаас бууна. Ингэснээр дараагийн шинэ дарга сонгогдох хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх юм байна.

Баасан гарагийн өглөө хатагтай Тереза Мэй 1922 бүлэг буюу Консерватив намын удирдлагыг солих эсэх талаар шийдвэр гаргах намын дээд бүлгийн тэргүүн Грэм Брэйдитэй уулзсаны дараа хатагтай Тереза Мэй огцрох тухайгаа зарлалаа. Британийн хэвлэлүүдийн дамжуулснар 2017 оны ээлжит бус сонгуульд консерваторууд тааруу амжилт үзүүлснээр, Парламентад дийлэнхийн суудлаа алдсан, мөн орон нутгийн сонгуульд ч консерваторууд ялагдал хүлээсэн, энэ өдрүүдэд явагдаж байгаа Европарламентын сонгуульд ч ялагдал хүлээж магадгүй байгаа учир намын нөхөд нь Тереза Мэйг намын даргаасаа огцруулах шийдвэр гаргажээ. Хэрэв өөрийн хүсэлтээр огцрох талаараа мэдэгдэж, дараагийн залгамжлагчид үйл хэргээ тайван замаар шилжүүлэхгүй бол Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудал сөхнө гэж "сүрдүүлжээ".

Хатагтай Тереза Мэй Ерөнхий сайдын суудлаа орхих талаар зарлахдаа нулимсаа барьж дийлээгүй. Ерөнхий сайдын ажлыг аваад тодорхойлсон Брекзит хэрэгжүүлэх зорилго нь биелээгүй учир, дараагийн Ерөнхий сайд болон шинэ Засгийн газрын нуруун дээр энэ хүнд ачаа тохогдоно гэдгийг тэмдэглэлээ. Энэ зорилгод хүрэхийн тулд Британийн улс төрийн хүчнүүд харилцан буулт хийх шаардлагатайг онцоллоо. Консерваторууд шинэ лидерээ ирэх 7-р сарын 20-ны өдөр гэхэд сонгосон байх ёстой юм байна.

"Даунинг стрит, 10" хаягаар байрлах Ерөнхий сайдын албаны өргөөнийхөө үүдэнд мэдэгдэл хийхдээ хатагтай Тереза Мэй: "Консерватив намын лидерийн суудлаасаа ирэх 6-р сарын 7-ны Баасан гарагт бууна гэдгээ би өнөөдөр зарлаж байна. Торигийн шинэ лидерийг сонгох кампанит ажил 6-р сарын 10-ны өдөр эхэлнэ. Ингэснээр дараагийн залгамжлагчийг сонгоно. Би өөрийн төлөвлөгөөний талаар эрхэмсэг хатан хаан 2-р Элизабетэд уламжилсан бөгөөд намын шинэ даргыг сонгох хүртэл Ерөнхий сайдын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ" гэлээ. Хатагтай Мэй мэдэгдлийнхээ төгсгөлд нулимсаа барьж дийлээгүй бөгөөд хэлэх үгээ дуусгаад шууд эргэн албан өргөөндөө орсон юм.

**

Хатагтай Тереза Мэйн хувьд оны өмнө Брюссельтэй зөвшилцсөн 585 хуудас бүхий Брекзитийн гэрээний төслийг Британийн Парламентаар батлуулж чадаагүй, удаа дараа ялагдал хүлээсэнтэй холбоотой. Брекзитийн асуудлаар өөрийн танхимын сайд нарын зүгээс ч хүчтэй эсэргүүцэлтэй тулсан. Тереза Мэй олон сарын өмнөөс л ЕХ-ноос Их Британи улс өрх тусгаарласны дараа Ерөнхий сайдын суудлаа орхино гэж мэдэгдэж байсан Тереза Мэй ийнхүү өөрийн зорилгоо биелүүлж чадалгүй суудлаа орхиж байна.

Британийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар төрийн эрхийг баригч Консерватив намын шинэ даргыг сонгох үйл явц зургаан долоо хоног үргэлжлэх гэнэ. 2016 онд тухайн үеийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Брекзитийн бүх ард түмний санал асуулгын дүн өөрийнх нь тодорхойлсон бодлогоос эсрэг дүн үзүүлсэн учир огцорч байгаагаа зарласан. Үүний дараа намын шинэ дарга сонгох үйл явц хоёр долоо хоног үргэлжилсэн юм.

Их Британийн төрийн эрхийг баригч намын шинэ лидер, дараагийн Ерөнхий сайдаар сонгогдох хамгийн өндөр магадлалтай эрхмээр экс Гадаад хэргийн сайд ноён Борис Жонсоныг нэрлэж байна. Reuters агентлагийн мэдээлснээр, Борис Жонсон намын шинэ даргаар сонгогдох магадлал 40% байгаа гэнэ. Мөн энэ жагсаалтад Брекзитийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан Доминик Рааб, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн сайд Майкл Гоув, Парламентын доод танхимын спикерийн суудлаа орхиод цөөн хонож байгаа Андреа Лидсом, одоогийн Гадаад хэргийн сайд Жереми Хант, одоогийн Дотоод хэргийн сайд Сажид Жавид нарын нэрс ч дурьдагдаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2-р Элизабет хатан хааны урилгаар ирэх сарын 3-5-ны өдрүүдэд Их Британи улсад төрийн айлчлал хийнэ. Энэ үеэр Тереза Мэй тус улсын Засгийн газрыг тэргүүлсэн хэвээр байна. Тереза Мэйн хувьд Их Британийн Ерөнхий сайдын хувиар оролцох сүүлийн олон улсын арга хэмжээ нь G20 бүлгийн дээд хэмжээний уулзалт болох юм. Тус дээд хэмжээний уулзалт 6-р сарын 28-29-ний өдрүүдэд Япон улсад болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө