Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ Ойрхи Дорнод дахь цэргийнхээ тоог цөөлөхгүй, харин нэмэгдүүлнэ

  М.Даваадулам 2019-05-25 362

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп оны өмнө Ойрхи Дорнодод үүрэг гүйцэтгэж байгаа өөрийн улсын зэвсэгт хүчний алба хаагчдын тоог цөөлнө гэж зарласан. "Исламын улс" бүлэглэлийг устгах зорилгоо биелүүлсэн учир Ирак улсаас цэргээ гаргана гэж мэдэгдэж, энэ асуудал дээр Батлан хамгаалахын сайд нь санал зөрсөн учир огцорсон. Тэгвэл АНУ-Иран улс хоорондын харилцаа хурцдаад байгаа энэ өдрүүдэд АНУ Ойрхи Дорнод дахь зэвсэгт хүчнийхээ тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ шийдвэрээ Япон улсыг зорихоосоо өмнө Ерөнхийлөгч Трамп баасан гарагт танилцууллаа.

"Ойрхи Дорнодод бидэнд хамгаалалт бий. Цөөн тооны цэрэг илгээнэ. Хамгийн авъяаслаг алба хаагчдыг илгээх бөгөөд ойролцоогоор 1500 цэрэг явуулна" гэж Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ.

Мөн Трамп Ерөнхийлөгч Саудын Араб, Иордан, Арабын Нэгдсэн Эмират улсад 8.1 тэрбум ам6долларын зэр зэвсэг худалдах гэрээ байгууллаа. Ингэхдээ Иран улстай үүсээд байгаа нөхцөл байдал хурцадмал учир Конгрессын зөвшөөрөл авалгүй Цагаан ордны тэргүүн бие даан шийдвэр гаргажээ.

Ерөнхийлөгчийн тус шийдвэрийн талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео хууль тогтоогчдод бичгээр мэдээлсэн байна. Иран улсын "хорт" үйл ажиллагаа нь Ойрхи Дорнодын бүс нутаг дахь тогтвортой байдалд заналхийлж, АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна гэж шийдвэрийг тайлбарлажээ.

АНУ-ын Ойрхи Дорнод дахь төв командлалыг тойруулан нэмэлт хүч байрлуулах нь цаашид аливаа зэвсэгт ажиллагаа дэгдэхээс бүрэн сэргийлэх ач холбогдолтой гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Патрик Шанахан тэмдэглэлээ. Ойрхи Дорнодод нэмэлтээр илгээх Америкийн бүрэлдэхүүнд цэргийн тагнуулын зориулалт бүхий онгоц, сөнөөгч онгоц, инженерүүд, зенитийн пуужингийн Patriot төхөөрөмжийн нэмэлт батальон багтах юм байна. Тус пуужин устгах төхөөрөмж нь аливаа баллистик болон далавчит пуужинг устгах бүрэн хүчин чадалтай юм байна. Нэмэлтээр илгээх 1500 алба хаагчийн 600 нь Patriot төхөөрөмжийг ажиллуулах үүрэг гүйцэтгэнэ гэлээ. Нэмэлтээр илгээх алба хаагчдыг Сири, эсхүл Ирак улсад байрлуулахгүй гэж Пентагоны тэргүүний туслах хатагтай Кэти Вилбаргер мэдэгдсэн бөгөөд чухам хаана байрлуулах талаар Вашингтон одоогоор нууцалж байна.

Иран улс олон улсын цөмийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн шалтгаанаар АНУ одоогоос жилийн өмнө Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон улсын гэрээнээс гарсан. Улмаар Иран улсын эсрэг өмнө үйлчилж байсан хориг арга хэмжээг бүгдийг сэргээж, нэмэлтээр ч хэд хэдэн үе шаттай Тегераны эсрэг хориг тогтоосон. Эдгээр нь хориг нь Иран улсын ДНБ-ийг гол бүрдүүлэгч газрын тосны экспортыг тэглэх зорилголтойг Вашингтон тэмдэглэж байгаа. АНУ цөмийн гэрээнээс гарснаас хойш нэг жилийн ойн дээр Иран улс ч тус олон улсын гэрээний дагуу хүлээсэн хоёр зүйл заалтын дагуух үүргээ биелүүлэхээ зогсоож байгаагаа зарласан. Улмаар цаашид гэрээний бусад тал өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлэхгүй бол Иран улс ураны баяжуулалтаа сэргээж магадгүй зэрэг мэдэгдэл хийгээд байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө