Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯПОНЫ ЭЗЭН ХААНД БАРААЛХЖЭЭ

  Б.Оюун 2019-05-27 326

Арлын Япон улсад төрийн айлчлал хийж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамтаар Японы шинэ эзэн хаанд бараалхжээ. АНУ-ын тэргүүн, тэргүүн хатагтай нарыг Японы эзэн хааны ордны өмнө хүндэт харуул жагсан угтаж, хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлжээ. Дональд Трамп Японы шинэ эзэн хааныг хаан ширээндээ заларснаас хойш түүнд бараалхаж байгаа анхны гадны төрийн тэргүүн болсон юм. Японы цог жавхлант эзэн хаан Нарухито, хатан Масако нар хүндтэй зочдоо Токио дахь хааны өргөөндөө ёслол хүндэтгэлтэйгээр угтан авчээ.

Токио хотноо байрлах эзэн хааны ордонд Америкийн төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нарыг улаан хивс дэвсч, Японы хүүхэд багачууд жагсан хоёр улсын туг далбааг барин жагссан байна. Японы эзэн хааны ордны гадна АНУ-ын тэргүүний гэр бүлийг хүндэт харуул жагсан ёслол хүндэтгэлтэйгээр угтан авсны дараагаар Нарухито хүндэт зочдоо ордны ёслолын танхим болох “хулсан танхим”-д урьсан байна. Дональд Трамп Японы шинэ эзэн хаанд бараалхан, хаан Нарухитотой уулзаж байгаа анхны гадаад улс орны тэргүүн болсон юм. АНУ-ын тэргүүн Дональд Трамп болон эзэн хаан Нарухито нарын уулзалтыг NHK телевиз шууд дамжуулан үзүүлж байжээ. Уулзалтын албан ёсны хэсгийг олон нийтийн хэвлэл мэдээллээр шууд дамжуулан үзүүлсэн ч үндсэн арга хэмжээ хаалттай хаалганы цаана үргэлжилжээ.

Улмаар өнөө орой Японы эзэн хаан АНУ-ын хүндтэй зочиддоо зориулан хүндэтгэлийн хүлээн авалт хийх гэнэ. 5-р сарын 1-нд өөрийн хаан эцгээ залгамжлан Японы хаан ширээнд заларсан Нарухито нь гадаад улс оронд боловсрол эзэмшсэн анхны хаан болсон юм. Эзэн хаан Нарухито Британийн Оксфордын их сургуулийг дүүргэсэн бол хатан Масако Америкийн Харвардын их сургуулийг тус тус дүүргэжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө