Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

УМАРД МАКЕДОНИ НАТО-Д НЭГДЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

  Б.Оюун 2019-06-04 442

Тусгаар тогтнолоо бие даан зарлан тунхаглаж, улсынхаа албан ёсны нэрийг өөрчлөөд удаагүй байгаа Умард Македони улс НАТО-д элсч, Умард Атлантын цэргийн эвслийн бүрэн эрхт гишүүн улс орон болно. Хуучин Югославын БНУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Умард Македонийг НАТО-ийн бүрэлдэхүүнд нэгдэхийг хүлээж байгаа талаар цэргийн эвслийн тэргүүн Йенс Столтенберг энэ улсад айлчлах үеэрээ албан ёсоор мэдэгдсэн байна.  

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Умард Македонид хоёр хоногийн албаны айлчлал хийх үеэрээ энэ талаар мэдэгдсэн юм. Түүний мэдэгдсэнээр Умард Македонийн тал Грекийн улстай олон жил үргэлжилсэн газар нутгийн маргаантай асуудлаа шийдэн, үл ойлголцлоо даван туулж, мөн улсынхаа нэрийг өөрчилсөн нь энэ улсыг НАТО-ийн эгнээнд элсүүлэх боломжийг бүрдүүлж, албаны протоколд гарын үсэг зурах эх үндсийг тавьжээ. НАТО-ийн удирдлагууд өнгөрсөн 2-р сард Умарк Македонийн талтай зохих баримт протоколд гарын үсэг зурсан юм.

НАТО-ийн тэргүүн түүнчлэн Умард Македонийг Умард Атлантын цэргийн эвсэлд нэгтгэх асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ:

-Умард Македонийн ерөнхий сайд Зоран Заев болон тус улсын засгийн газрын зүгээс гаргасан хүчин чармайлт, авсан арга хэмжээ нь Косово төдийгүй Балканы бүс нутаг дахь бусад улс оронд үлгэр дууриалал болох учиртай гэж бодож байна. Ноён Заев түүхэнд өнгөрснийг хэзээд засч залруулж болдгийг, мөн аливаа хямралд цэг тавьж болдгийг тодоор харуулсан гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.

Йенс Столтенберг түүнчлэн Умард Македонийн засгийн газраас улс орондоо явуулсан өөрчлөлт шинэчлэлт, тэр дундаа аюулгүйн салбарт хийж бүтээсэн бүхнийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.  Тэрээр энэ талаарх үзэл бодлоо хуваалцахдаа: -Умард Македони олон улсын аюулгүй байдлыг хамгаалах хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч улс орны нэг болсон. Тэр дундаа Исламын улс алан хядах байгууллагын эсрэг тэмцэлд нэгдсэн. Мөн цаашлаад НАТО-д элсч, олон улсын цэргийн эвслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хүсэл сонирхолтой байгааг тэмдэглэх нь зүйтэй. Бид Умард Македонийн эрх баригчдын энэхүү хүчин чармайлтыг бүх талаар дэмжин, хамтарч ажиллах болно гэжээ.

Өнөөдрийн байдлаар Умард Македонийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн 29 улс орноос 14 нь дэмжээд байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө