Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ШИНЗО АБЭ ИРАН УЛСАД АЙЛЧИЛНА

  Б.Оюун 2019-06-12 457

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Тегеранд хүрэлцэн ирж, Исламын БНУ-д албаны айлчлал хийж байна. Японы засгийн газрын тэргүүн Ираны төрийн тэргүүн Хасан Роухани болон энэ улсын шашны тэргүүн, аятолла Али Хаменеи нартай уулзах юм.

Арлын Япон улсын засгийн газрын тэргүүн Исламын БНУ-д айлчилсан тохиолдол хамгийн сүүлд 1978 онд одоогоос 41 жилийн өмнө айлчилж байжээ. 1978-1979 оны хооронд үргэлжилсэн Исламын хувьсгалаас хойш Япон улсын эрх баригчдаас өнөөг хүртэл нэг ч төрийн дээд албан тушаалтан Иран улсад айлчилж байгаагүй юм. Абэгийн энэ удаагийн айлчлалаас өмнө хамгийн сүүлд 1978 онд Японы тухайн үеийн ерөнхий сайд Такэо Фукуда Иран улсад айлчлал хийж байжээ.

Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэгийн Иран улсад хийж байгаа албаны айлчлалыг хоёр улс төдийгүй олон улсын тавцанд онцлон мэдээлж байна. Ноён Абэгийн Иран улсад хийх албаны айлчлал энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ. Айлчлалынхаа үеэр Шинзо Абэ Ираны эрх баригчидтай Ойрхи Дорнодын бүс нутгийн хямралыг бууруулах, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг сэдвүүдийг голчлон хэлэлцэхээр төлөвлөж байгаа бололтой. 

Шинзо Абэ Иран улсыг зорихоосоо өмнө Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Саудын Арабын үе залгамжилсан ханхүү Мухаммед бен Салман аль Сауд, Абу Дабигийн үе залгамжилсан ханхүү Мухаммед бен Зайд аль Нахайян нартай уулзжээ. Тэд бүгд Ираны эрх баригчдын бодлого, байр суурийг шүүмжлэгчид юм.

Тэгвэл Ираны тал арлын Японы ерөнхий сайдын хийх айлчлалыг хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн албаны айлчлал гэдгийг нь онцлон мэдээлж байгаа юм. Ингэхдээ Тегераны тал Япон улс Иран-АНУ-ын харилцааг сайжруулахад дэмжлэг үзүүлж, зуучлагчийн хувиар оролцохыг үгүйсгээгүй байна. Олон улсын ажиглагчид Японы ерөнхий сайдын Иран улсад хийж байгаа айлчлалыг Токио болон Тегераны хоорондын харилцааг бэхжүүлж, хоёр улсын хамтын ажиллагааг тэлэх зорилготой айлчлал гэж үзэж байгаагаа илэрхийлэн, Шинзо Абэгийн айлчлалаас хүлээж байгаа хүлээлтийг бууруулж байна. Япон улс нь Ираны талтай сайн харилцаатайн дээр Тегераны цөмийн асуудлаарх олон улсын гэрээг бүх талаар дэмжиж, саяхныг хүртэл Иранаас нефть худалдан авч байжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө