Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сибирийн ойд гарсан түймэр хамрах хүрээгээ тэлж иргэд онц байдал тогтоохыг хүсчээ

  Д.Отгонсүрэн 2019-07-31 1187

Сибирийн холбооны тойрог ой түймэрт авсан талаар Regnum агентлаг мэдээллээ.  

Эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар Красноярск хязгаар болон Эрхүү мужид нөхцөл байдал хамгийн хүнд нөхцөлд байна. Долоодугаар сарын 24-ний өдрийн байдлаар эдгээр бүс нутгуудын 1,3 сая га газар ойн түймэрт өртжээ. 

Түймрээс үүдэлтэй утаа энэ хоёр бүс нутаг төдийгүй Хакаси, Алтайн хязгаар, Новосибирск, Омск, Томск мужуудад тархсан талаар Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. 

Регнум агентлагийн онцолсноор, гал түймэр суурин газрууд болон эдийн засгийн объектуудад хор хөнөөл учруулахгүй, түүнчлэн галыг унтраах зардал нь гал түймэр учруулж болох хохирлоос давна гэж тусгай комисс шийдвэр гаргавал эрх баригчид гал түймэр унтраахгүй байх эрхтэй байдаг гэнэ. Тиймдээ ч энэ нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа аж. 

Дээрх бүс нутгуудад гал түймрээс үүдэлтэй утаа суурин газруудыг хэдийнэ бүрхэж, иргэд тайван амьдрах нөхцөл алдагдсан гэж үзсэн оршин суугчид онц байдал тогтоохыг шаардсан байна. Тодруулбал, Сибирийн нутаг дэвсгэр даяар гарсан гал түймрийн улмаас онц байдал тогтоохыг шаардан Засгийн газар, Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн яам, Ойн аж ахуйн яам, Онцгой байдлын яам болон Хөдөө аж ахуйн яаманд хаягласан өргөх бичгийг  долоодугаар сарын 24-ний өдөр  олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. 

“Красноярск хотод хүмүүс масктай явж байхад орон нутгийн болон засгийн газрын төлөөлөгчид Сибирьт онц байдал зарлаагүй байна. Онц байдал зарлавал  галын голомтыг унтраах, утаанаас болж хохирсон хүмүүст туслах нэмэлт санхүүжилт, хүн хүчний нөөцөөр хангагдана” хэмээн өргөх бичигт өгүүлжээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө