Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ИТАЛИД ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ҮҮРЭГТ АЛБАНДАА ОРЛОО

  Б.Оюун 2019-09-06 333

Италид улс төрийн чухал үйл явц болж, шинээр эмхлэн байгуулагдсан засгийн газар үүрэгт албандаа орж, сайд нар нь тангарагаа өргөжээ. Италид эмхлэн байгуулагдсан шинэ засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслол Квириналийн ордонд болж, Италийн төрийн тэргүүн Сержио Маттарелла сайд нарт амжилт хүсч, үүрэгт албанд нь томилжээ.

 Тангараг өргөх ёслол уламжлал ёсоор засгийн газрын тэргүүн буюу шинээр засгийн газраа эмхэлсэн хуучин ерөнхий сайд Жузеппе Конте тангараг өргөснөөр эхэлжээ. Контегийн тэргүүлж байсан өмнөх засгийн газар өнгөрсөн сард бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, улмаар парламент дахь олонхи болох “Таван оддын хөдөлгөөн” нам дээр суурилан эвслийн шинэ засгийн газар бүрдүүлснээр Конте ийнхүү дахин засгийн газраа тэргүүлэхээр болжээ.

“Таван оддын хөдөлгөөн” нам, Ардчилсан намтай эвсэн байгуулсан ерөнхий сайд Контегийн тэргүүлж байгаа шинэ засгийн газарт 21 сайд багтаж байна.

Италид эмхлэн байгуулагдсан шинэ засгийн газарт Таван оддын хөдөлгөөн намын тэргүүн Луижи Ди Майо улсынхаа гадаад хэргийн сайдаар томилогджээ. 33 настай улс төрч улсынхаа түүхэн дэх хамгийн залуу гадаад хэргийн сайд болсон байна. Ардчилсан намын Роберто Гуальтьери сангийн сайдаар томилогдож, түүний өмнө улсынхаа шинэ төсвийн хуулийг батлуулах хүндхэн ажил хүлээж байна. Мөн Италийн шинэ засгийн газарт сүүлийн 20 жилд анх удаа дотоод хэргийн сайдаар эмэгтэй улс төрч сонгогджээ. Милан хотын захиргаанд ажиллаж байсан Лучана Ламоржезе дотоод хэргийн яамыг тэргүүлнэ. Нийтдээ Италид эмхлэн байгуулагдсан шинэ засгийн газарт 8 эмэгтэй сайд багтжээ. Италийн сайд нар ийнхүү тангарагаа өргөсний дараагаар энэ улсын парламент шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг батламжлах учиртай юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө