Нийгэм

Авлигатай тэмцэх газраас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг жил бүр авдаг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авлигын шинж чанартай мэдүүлгүүдийг нягтлан шалгадаг юм. Тэгвэл ээлжит шалгалт дууссан байна. Эндээс 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ.

АТГ хууль заасан чиг үүргийнхээ хүрээнд энэ удаа шалгалтыг зөвхөн цахим систем ашиглан түүврийн аргаар явуулжээ. Ингэхдээ хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчдаас 9 мэдүүлэг гаргагчийн өөрийн болон гэр бүлийн орлого нь татварт гаргаж өгсөн тайлан мэдээтэй нийцэж байгаа эсэх талаар шалгалт явуулсан байна.

Авлигын эсрэг хуульд зааснаар мэдүүлэг гаргагч нар хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлэх хуультай. Харин нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний орлого, хөрөнгөө мэдүүлээгүй тохиолдолд нэг удаа сануулна. Зөрчлийнх нь хэмжээнээс  шалтгаалаад сануулах, цалингийн хувь бууруулах, албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцдогоос өөр хариуцлагын тухай эрх зүйн зохицуулалт байхгүй байна.  

Харин цаашид Авлигатай тэмцэх газраас ирэх онд хийгдэх хөрөнгө орлогын мэдүүлгийн тайланг хянахдаа зөвхөн тухайн албан тушаалтны орлого нэмэгдсэнийг бус зарлагатай нь уялдуулан нарийвчлан шалгах маягтыг ашиглахаар судалж эхэлжээ. Ингэснээр тухай албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх магадлалтай асуудлыг цалин болон нэмэлт орлоготой нь уялдуулж, хэр бодит хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн эсэхийг шалгаж, хариуцлага тооцох механизмыг төгөлдүүржүүлэх чиглэлд ажиллана гэлээ.  

ФЭЙСБҮҮК ШУУД