Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трампын тангараг өргөх ёслолын тухай ...

  М.Даваадулам 2017-01-20 1169

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп болон Дэд ерөнхийлөгч Майкл Пенс нар өнөөдөр Вашингтон хотноо тангараг өргөж, албан ёсоор үүрэгт албандаа орно. Тэд улс орны Үндсэн хууль болон эх орон, ард түмэндээ үнэнч зүтгэхээ тангараглах юм.

Уламжлал ёсоор АНУ-ын шинэ лидер тангараг өргөхийнхөө өмнө Цагаан ордонд зочилдог. Доналд Трамп гэргий Меланья нарыг одоогийн Ерөнхийлөгч Барак Обама эхнэрийн хамтаар Цагаан ордны хүндэтгэлийн хаалганы өмнө угтан авах юм. Пеньсилванийн өргөн чөлөө, 1600 хаягаар байрлах Цагаан ордонд мөн Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майкл Пенс эхнэр Карены хамтаар, түүнчлэн тангараг өргөх ёслолын зохион байгуулалтын комисст багтсан Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд ч саатна.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордны ажилтан, алба хаагчдад хандсан талархлын захидал болон шинэ Ерөнхийлөгчид дайсан илгээлт бүхий захидлыг ажлын өрөө “Зуйван танхим”-д үлдээдэг уламжлалтай. Цагаан ордонд хуучин болон шинэ Ерөнхийлөгч нарын уулзалт удаан үргэлжилдэггүй. Дараагаар нь Ерөнхийлөгчийн цуваа Цагаан ордноос Капитолийн гүвээн дээр байрлах Конгрессын ордныг зорино. Орон нутгийн цагаар 11:30 цагт /Монголын цагаар 00:30 цагт/ тангараг өргөх ёслол эхэлнэ.

Өнгөрсөн 11-р сард явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Америкийн нийгэмд талцал үүсээд байгаа хүнд цаг үед Трамп болон Пенс нар тангараг өргөж байгааг шинжээчид тэмдэглэж байна. Associated Press агентлагийн лхагва гарагт танилцуулсан судалгаагаар Америкчуудын 56% нь “улс орон нь буруу чиглэлд явж байна” гэж үзэж байгаа бол, 42% нь шинэ Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна.

Хэн уригдав?

Доналд Трампын тангараг өргөх ёслолд зориулж Капитолийн баруун хаалганы шатны өмнө тусгай тайз  засчээ. Тайзны хэмжээ 929 кв.метр – энэ нь 2005.01.20-нд болсон бага Жорж Буш Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр зассан тайзтай адил хэмжээтэй. Энэ тайзан дээр ёслолд оролцогчид болон 1,600 гаруй зочин буюу албан үүргээ хүлээлгэн өгч байгаа Ерөнхийлөгч Барак Обама болон Дэд ерөнхийлөгч Жозеф Байден нар гэр бүлийн хамтаар, шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп болон Дэд ерөнхийлөгч Майкл Пенс нар гэр бүлийн хамтаар, Төлөөлөгчдийн танхимын спикер Пол Райан, бусад хууль тогтоогчид, хуучин болон шинэ сайд нар, Дээд шүүх, Штабуудын удирдагчдын зөвлөлийн гишүүд, мужийн захирагч нар байрлах юм.

Түүнчлэн уламжлал ёсоор арга хэмжээнд өмнөх Ерөнхийлөгч нар оролцоно. Хамгийн түрүүнд АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картер арга хэмжээнд оролцохоо илэрхийлсэн. Бага Жорж Буш, Билл Клинтон эхнэр Хиллари Клинтоны хамтаар оролцохоо хожим мэдэгдсэн. Харин Эцэг Жорж Буш эрүүл мэндийн шалтгаанаар Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй.

Гадны орны дипломат төлөөлөгчид ч тангараг өргөх ёслолд оролцоно.

Тангараг болон анхны үг

Трамп болон Пенс нар орон нутгийн цагаар үд дунд буюу Монголын цагаар өнөөдөр шөнө 01:00 цагт үүрэгт албанда орно.

Дэд ерөнхийлөгч Майкл Пенс эхлээд тангараг өргөнө. Дараагаар нь Дээд шүүхийн тэргүүн Жон Робертс шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын тангарагийг хүлээн авах юм. АНУ-ын Үндсэн хуулийн 2-р зүйлд заасны дагуу 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөхдөө:

“АНУ-ын Ерөнхийлөгчийн эрх үүргийг нэр төртэй, үнэнч шударгаар биелүүлэхээ, мөн АНУ-ын Үндсэн хуулийг сахин мөрдөж, бүх л хүч чадлаараа хамгаалахаа би тангараглаж байна” гэж хэлнэ.

Өмнөх Ерөнхийлөгч нар тангарагийн үгийн хойноос “Бурхан надад туслаг” гэж нэмж хэлдэг уламжлалтай.

1789.01.20-нд АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон тангараг өргөхдөө Библийн судраар тангараглаж байжээ. Энэ уламжлал нэг ёсны бичигдээгүй хууль болж, хожмын Ерөнхийлөгч нар Библийн судраар тангараглах болсон байна. Ерөнхийлөгч Барак Обама улиран сонгогдсоныхоо дараа 2013 оны энэ өдөр тангараг өргөхдөө Абраам Линкольн Ерөнхийлөгчийн Библийн судар дээр гараа тавьж, тангараг өргөж байжээ. Тэгвэл Трамп Линкольны болон 9 настайдаа ээжээсээ авч үлдсэн Библийн судар гээд нэгэн зэрэг Библийн хоёр ч судраар тангараглахаар төлөвлөсөн байна.

Пенсийн тангарагийг Дээд шүүхийн шүүгч Кларенс Томас хүлээн авна. Тэгвэл Пенс Америкчуудын хайр хүндэтгэлийг хамгийн ихээр хүлээсэн Ерөнхийлөгч нарын нэг Роналд Рейганы гэр бүлийн удам дамжсан Библийн судраар тангараглах юм байна.

Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж дуусангуут АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын оркестр “Hail to the Chief” буюу “Командлагчийн яруу алдар бадраг” гэх Ерөнхийлөгчийн сүлд дууллыг эгшиглүүлнэ. Үүнтэй зэрэгцэн 21 зэвсгээр ёслолын буудлага үйлдэнэ.

Тангараг өргөсний дараа шинэ Ерөнхийлөгч ард иргэддээ хандан анхны үгээ хэлдэг. Ингэхдээ өөрийн бодлогын үндсэн чиглэлүүдийг товч танилцуулдаг. АНУ-ын Ерөнхийлөгчийн засаглал судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Кристофер Бринкли CNN телевизэд ярилцлага өгөхдөө Трамп Ерөнхийлөгч анхны үгээ өөрөө бичсэн гэжээ. Трамп товч бөгөөд тодорхой өөрийн санаагаа илтгэхийг хүссэн учраас өөрөө үгээ бичиж байгаа гэж тайлбарласан байна.

АНУ-ын төрийн дуулал болох “The Star-Spangled Banner” буюу “Оддоор хучигдсан туг” эгшиглэснээр тангараг өргөх ёслолын албан ёсны хэсэг өндөрлөх юм. 16 настай Америкийн сопрано Жеки Иванко өнөөдөр төрийн дуулал эгшиглүүлэх хүндтэй үүрэг хүлээжээ.

Цомхон парад болон хүлээн авалт

Тангараг өргөсний дараа албан үүргээ хүлээн авсан Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгч нар Капитолийн ордонд орж, тангараг өргөх ёслолын ажиллагааг хариуцан зохион байгуулсан зөвлөлийн гишүүдийн хамтаар хүндэтгэлийн зоог барьдаг уламжлалтай. Зөвлөлийн өгсөн мэдээллээр, хүндэтгэлийн зоогийн ширээн дээр Мэн мужаас авчирсан далайн хавч, Мексикийн булангийн сам хорхой, Калифорни мужийн алдарт дарс байх гэнэ. Трамп хэдий согтууруулах төрлийн ундаа хэрэглэдэггүй ч, хүндэтгэлийн зоогийн ширээн дээр дарс байна гэж Америкийн хэвлэлүүд дамжууллаа.

Хүндэтгэлийн зоогийн үеэр Трамп болон Пенс нарт Америкийн Lenox компанийн болор аяга дурсгана. Трампын дурсгалын аяга дээр Цагаан ордон болон Томас Жефферсон Ерөнхийлөгчийн дурсгалын цогцолборыг дүрсэлсэн байх бол Пенсийн дурсгалын аяга дээр Капитолийн ордон болон Линкольн Ерөнхийлөгчийн дурсгалын цогцолборыг дүрсэлсэн байх гэнэ.

Трамп, Пенс нар хүндэтгэлийн зоогийн дараа Конгрессын ордноос Цагаан ордон хүртэл Пенсильванийн өргөн чөлөөгөөр алхах баярын парадыг тэргүүлнэ. Тангараг өргөх ёслолыг зохион байгуулагчдын өгсөн мэдээллээр, энэ удаад баярын парад харьцангуй богино байх гэнэ. Учир нь Трамп шинэ ажилдаа аль болох хурдан орохоор яарч байгаа гэнэ. 2013 онд Барак Обамагийн хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолын парад 3 цаг үргэлжилжээ. Тэгвэл өнөөдөр баярын парад 1.5 цаг үргэлжилнэ гэж тооцож байна. Парадад 40 гаруй байгууллага, 8,000 гаруй хүн оролцох төлөвтэй байна. Арга хэмжээнд хөгжмийн сургуулийн 7 оркестр нэгдэх гэнэ.

Тангараг өргөх ёслол хүлээн авалтаар өндөрлөнө. Үе үеийн Ерөнхийлөгч нарын үед хүлээн авалтын тоо өөр өөр байжээ. Харри Трумэн Ерөнхийлөгч – 1, Дуайт Эйзенхауэр – 2, Билл Клинтон – 14, Барак Обама эхний удаад 10, хоёр дахиа тангараг өргөхдөө 2 хүлээн авалт тус тус хийжээ.

Харин Трамп гурван хүлээн авалт хийхээр төлөвлөсөн байна. Олон нийтэд зориулсан хоёр хүлээн авалт Вашингтоны төвд байрлах Үзэсгэлэнгийн төв болно. Мөн Зэвсэгт хүчний алба хаагчдад зориулсан хүлээн авалтад Трамп биечлэн очих юм байна. Гурав дахь хүлээн авалт Үндэсний барилгын музейд болох гэнэ.

Аюулгүй байдал юун түрүүнд

Тангараг өргөх ёслолд энэ жил хамгийн олон хүн оролцоно гэж тооцож байна. 2009 онд Барак Обама Ерөнхийлөгч анхны удаа тангараг өргөх үед 1.8 сая хүн Капитолийн гүвээнээс Цагаан ордон хүрэх өргөн чөлөөнд цуглаж байжээ. Өнөөдөр Трампын тангараг өргөх ёслолын үеэр  3 сая хүн цуглана гэж тооцож байна. Харин хууль хяналтын байгууллага 800-900 мянган хүн цуглана гэж тооцоолжээ.

Нийслэл хотын эрх баригчдын өгсөн мэдээгээр тангараг өргөх ёслолын үеэр 3,000 цагдаа, Үндэсний Гвардийн 5,000 цэрэг эмх журам сахиулах юм байна.

Өнөөдрийн тангараг өргөх ёслолын үеэр аюулгүй байдал сахиулах ажиллагаанд хууль хүчний бүх алба нэгджээ. Учир нь террорист халдлага болох мэдээлэл цацагдсан. Мөн DisruptJ20 гэх олон нийтийн хөдөлгөөний идэвхтэн гишүүд тангараг өргөх ёслолыг тасалдуулж, Капитолийн гүвээний эргэн тойронд байрлуулсан хяналтын шалган нэвтрүүлэх 12 цэгийн үйл ажиллагаанд саад хийнэ гэж сүрдүүлжээ.

Тангараг өргөхөд хэдэн ам.доллар зарлагадав?

The Washington Post сонины явуулсан судалгаагаар, өнөөдрийн тангараг өргөх ёслолд 175-200 сая ам.доллар зарцуулагдах гэнэ. Ингэснээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болох юм. Трамптай холбоотой бэлэг дурсгалын зүйлс, хүндэтгэлийн зоог болон хүлээн авалт, томоохон корпораци болон улс төрийн байгууллагууд, хувь иргэдийн хандив зэргээс цугласан хөрөнгийг тангараг өргөх ёслолыг зохион байгуулахад ашиглана.

Капитолийн гүвээ болон Пенсильванийн өргөн чөлөөнд байрлуулсан тайз болон хүндэтгэлийн хүлээн авалтын тасалбар худалдаанд гарсан. Гэхдээ тэдгээр тасалбарын дийлэнхийг ивээн тэтгэгч нарт хуваарилан тараажээ.

Зарлагаа нөхөх бас нэгэн найдвартай арга бол бэлэг дурсгалын зүйлсийн худалдаанаас олсон ашиг. Он гарсаар Трампын сонгуулийн штаб 45 гэх тоотой (Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч) саравчтай малгай, тэмдэг, майк зэргийг худалдаанд гаргасан. Эдгээр бэлэг дурсгалын зүйлс тус бүр 10-60 ам.долларын үнэтэй.

Гэсэн хэдий ч ачааны дийлэнх татвар төлөгчдийн нуруун дээр бууна. Вашингтон хотын захирагч Мюриэл Боузер холбооны эрх баригчдад хандан, аюулгүй байдалд зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлөхийг хүссэн. Нийслэл хот аюулгүй байдалдаа 30 сая ам.доллар зарцуулсан ч, Засгийн газар 19 сая ам.доллар хуваарилахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан