Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Д.Трампын цагаачлалын тухай зарлигийн хэрэгжилтийг түр зогсоов

  М.Даваадулам 2017-02-04 1397

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын баталсан цагаачлалын тухай зарлигийн хэрэгжилтийг түр зогсоолоо. Сиэтл хотын Холбооны шүүх холбогдох шийдвэрийг баасан гарагт гаргасан байна. Шүүхийн шийдвэр улс даяар хэрэгжинэ.

Доналд Трамп Ерөнхийлөгч 90 хоногийн хугацаанд лалын шашинт 7 улсын иргэдийг эх орондоо нэвтрүүлэхийг хориглосон зарлигийг өнгөрсөн долоо хоногт гаргасан.

Вашингтон мужийн Ерөнхий прокурор Боб Фергюсон Сиэтл дахь Холбооны шүүхэд тус зарлигийг хүчингүй болгох хүсэлт гаргасныг хэлэлцээд, Сиэтл хотын Холбооны шүүхийн шүүгч Жеймс Робарт Ерөнхийлөгч Доналд Трампын зарлигийн хэрэгжилтийг түр зогсоох нь зүйтэй гэж үзсэн байна.  

Лалын шашинтай 7 улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон шийдвэр нь Үндсэн хуулинд харшилж байна гэж Вашингтон мужийн Ерөнхий прокурор Боб Фергюсон үзэж байгаа юм. Түүний хүсэлтийг Сиэтл дахь Холбооны шүүх хэлэлцэх хугацаанд Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг түр зогсоож байна.

Ерөнхийлөгчийн зарлигт хориг тавихтай холбоотой олон тооны хүсэлт Америкийн шат шатны шүүх байгууллагад иржээ. Эдгээр хүсэлтийг зөвхөн хүний эрхийг хамгаалагчид төдийгүй, зарим муж тойргийн захирагч нар биечлэн гаргасан байна.

Трампын зарлигийн тухай

Трамп дүрвэгч хүлээн авах тухай болон цагаачлалын бодлогоо чангатгах тухай хоёр зарлигийг өнгөрсөн долоо хоногт үзэглэсэн. Тодруулбал, 120 хоногийн хугацаатай АНУ-д дүрвэгч хүлээн авах хөтөлбөрийг зогсоохыг Ерөнхийлөгч Трамп Төрийн департамент болон Үндэсний аюулгүй байдлын яаманд даалгасан. Мөн энэ онд хүлээн авах дүрвэгсдийн квотыг ч танасан. 2017 оны санхүүгийн жилд /2016 оны 10-р сард эхэлсэн/ Америк улс 50,000 дүрвэгч хүлээн авна.

Ерөнхийлөгч Трамп түүнчлэн Сири, Ирак, Иран, Сомали, Судан, Ливи болон Йемен гэсэн лалын шашинт 7 улсын иргэд – дүрвэгсдийг 90 хоногийн хугацаанд улс орондоо нэвтрүүлэхгүй байх зарлиг буулгасан юм.

Хожим АНУ-ын Ерөнхийлөгчийн албанаас тус зарлигтай холбоотой тодруулга хийж, лалын шашинт эдгээр 7 улсын АНУ-д амьдрах зөвшөөрөлтэй буюу ногоон карттай иргэдэд хориг хамаарахгүйг тайлбарлажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан