Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трампын хувьд анхны: БНАСАУ баллистик пуужин туршив

  М.Даваадулам 2017-02-12 3105

БНАСАУ ням гарагт Японы тэнгисийг чиглүүлэн баллистик пуужин хөөргөн туршлаа. Япон улсын Ерөнхий сайд АНУ-д 5 хоногийн ажлын айлчлал хийж байгаа. Тиймээс Пхеньяны үйлдлийг ноён Шинзо Абэгийн айлчлалтай холбоотой өдөөн хатгалга гэж Токио харж байна.

БНАСАУ ням гарагт дунд зайн тусгалтай баллистик пуужин хөөргөн туршсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан үүрэгтээ орсноос хойшхи анхны туршилт болж байгаа юм.

Япон улс пуужингийн туршилтыг өдөөн хатгалга гэж харж байгаа бол, БНСУ-ын Гадаад хэргийн яам Пхеньяны үйлдлийг дэлхий нийтийн анхаарлыг татах гэсэн, мөн АНУ-ын шинэ засаг захиргаанд дохио өгөх гэсэн үйлдэл гэж үзэж байна.

Пуужин хөөргөв

БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас өгсөн мэдээгээр, ням гарагт орон нутгийн цагаар 07:55 цагт /Монголын цагаар 06:55 цагт/ Пёнан-Пукто муж дахь цэргийн полигоноос дунд зайн тусгалтай баллистик пуужин хөөргөжээ. Пуужин 500 орчим км зайд нисч, Японы тэнгисийн уснаа унасан байна. Энэ мэдээллийг АНУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн командлалын төв ч баталжээ.

Харин Токио пуужинг 350 км зайд ниссэн гэж тооцоолжээ. Энэ тухай Японы Батлан хамгаалахын сайд Томоми Инада мэдэгдсэн юм. Мөн пуужин Японы эдийн засгийн бүсэд хүрээгүйг хатагтай Инада тэмдэглэсэн. Япон улсын тагнуулын албанаас өгсөн мэдээгээр, Пхеньян сүүлийн 4 сарын хугацаанд анх удаа пуужин хөөргөжээ.

Япон улсын талд

БНАСАУ пуужин хөөргөсөн явдалтай холбогдуулан Флоридад ажиллаж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар урьдчилан төлөвлөөгүй хамтарсан мэдэгдэл хийсэн.

“АНУ 100% Япон улсыг дэмжинэ гэдгийг Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын үеэр надад итгүүлсэн. Мөн ноён Трамп яг одоо миний дэргэд зогсож байгаа нь үүний баталгаа юм”

Шинзо Абэ, Япон улсын Ерөнхий сайд

Пуужин харвасан үйлдлийг ноён Абэ “уучилж болзошгүй” гэж тодорхойлоод БНАСАУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гаргасан бүх л тогтоолын төслийг даган мөрдөх ёстойг тэмдэглэлээ. Мөн АНУ, Япон улс цэрэг батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн тэлэх харилцан адил хүсэлтэй гэдгийг хэлэв.

Харин АНУ-ын төрийн тэргүүн  өөрийн байр сууриа товч бөгөөд тодорхой илэрхийлсэн юм.

“АНУ-ын хувьд Япон улс нь 100%-ийн “агуу” түнш болон холбоотон. АНУ үргэлжид Япон улсыг дэмжих болно гэдгийг хүн бүхэн ойлгоосой гэж би хүсч байна”

Доналд Трамп, АНУ-ын Ерөнхийлөгч

Ноён Трамп өөр зүйл хэлээгүй, мөн сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзжээ.

Япон улс НҮБ-д найдаж байна

Япон улсын Засгийн газар энэ цаг мөчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй БНАСАУ-ын пуужингийн туршилтын эсрэг хатуу арга хэмжээ авах тухай хэлэлцэж, хамтран ажиллаж байна.

“Умард Солонгос улс пуужин харваснаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй тогтоолын төслүүдийг ноцтой зөрчлөө. Аюулгүйн зөвлөл зохих хариу арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна”

Фумио Кишида, Япон улсын Гадаад хэргийн сайд

Нөхцөл байдалтай холбогдуулан Япон улсын Гадаад хэргийн яам АНУ болон БНСУ-ын холбогдох яам, албадуудтай харилцан мэдээлэл солилцох ажлыг идэвхжүүлжээ.

Солонгосын хойг дахь нөхцөл байдал

БНАСАУ өнгөрсөн онд олон пуужин хөөргөж, хоёр ч удаа цөмийн туршилт явуулсан. Сүүлд 2016 оны 11-р сард явуулсан цөмийн туршилт нь тус улсын түүхэн дэх хамгийн хүчтэй цөмийн туршилт болсон.

Умард Солонгос улсын цөмийн туршилтын хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 11-р сарын 30-ны өдөр БНАСАУ-ын эсрэг ээлжит буюу №2321 тоот тогтоолын төсөл баталсан.

Харин энэ оны 1-р сард АНУ-ын эрх баригчид БНАСАУ-ын эсрэг хоригоо өргөжүүлж, хар жагсаалтандаа БНАСАУ-ын Хөдөлмөрийн яам, Үндэсний төлөвлөлтийн хороо болон Хөдөлмөрийн нам, Засгийн газрын нөлөө бүхий 7 эрхмийн нэрийг багтаажээ.

Пхеньян НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Вашингтоны өдөөн хатгасан үйлдлийн хариуд батлан хамгаалах нөөц бололцоогоо нэмэгдүүлэх бүрэн эрхтэй гэсэн байр суурь баримталж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан