Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Турк улс Нидерланд улстай дипломат харилцаагаа зогсоов

  М.Даваадулам 2017-03-14 580

Турк улс Нидерланд улстай дипломат харилцаагаа зогсоолоо. Хоёр улс хооронд үүссэн дипломат маргааны улмаас ийм арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн гэж Туркийн Дэд сайд Нуман Куртулмуш мэдэгдлээ. Мөн дүрвэгсдийн асуудлаар ЕХ-той байгуулах гэрээг эргэн харж магадгүй гэж ч хэллээ.

“Тэд бидэнд хэрхэн хандана, бид тийм л хариу барина. Тиймээс Нидерландын дипломатчдыг Турк улсад хөл тавихыг, аль эсвэл манай улсын агаарын орон зайг ашиглахыг хориглож байна. Энэ хямралыг бий болгосон хүмүүс хариуцлагаа үүрч, асуудлыг зохицуулах ёстой” гэж ноён Куртулмуш мэдэгдлээ.

Өнгөрсөн бямба гарагт Бүгд Найрамдах Турк улсын Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу, мөн Гэр бүл, нийгмийн бодлогын сайд Фатима Бетюль Саям Кайе нар Нидерландын Роттердам хотод ажиллаж амьдардаг өөрийн улсын иргэдтэй уулзахаар төлөвлөсөн ч, үүнийг Нидерландын эрх баригчид эсэргүүцжээ. Улмаар Турк улсын хоёр ч сайдыг эх орондоо нэвтрүүлэхээс татгалзсан байна.

Туркийн Засгийн газрын гишүүд өөрийн улсын иргэдтэй уулзаж, Турк улсын Ерөнхийлөгчийн эрх үүргийг нэмэгдүүлэх асуудлыг дэмжиж, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжихийг уриалах гэж байжээ. Тус  асуудлаар Турк улс 4-р сарын 16-нд бүх ард түмний санал асуулга явуулах юм.

Өмнө нь Австри, Герман, Швейцарын эрх баригчид мөн холбогдох асуудлаар айлчлал хийх гэсэн Туркийн албаны хүмүүсийг эх орондоо нэвтрүүлэхээс татгалзжээ. Аюулгүй байдлын үүднээс ийм шийдвэр гаргасан гэж хожим тайлбарласан юм.

Нидерландын эрх баригчдын шийдвэрийн дараа Турк улсын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоган тус улсыг “гадил жимсний орон” гэж нэрлэжээ. Мөн Олон улсын байгууллагад хандан Нидерландын эсрэг хориг тогтоохыг уриалж, барууны орнуудыг лалын шашинтнуудын эсрэг үзэл баримталж байна гэж шүүмжилсэн байна.

“Нацизм дууссан гэж би бодсон ч, баруунд нацизм хэвээр үргэлжилж байна” гэж Турк улсын Ерөнхийлөгч Режеп Таиип Эрдоган хэлсэн байна.

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Туркийн Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг шүүмжлээд, Нидерландын эрх баригчдын шийдвэрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Нидерланд улсын Ерөнхий сайд Марк Рютте Эрдоганы мэдэгдлийг  мөн шүүмжилсэн.

Харин Дани улсын Ерөнхий сайд Ларс Лёкке Расмуссен энэ явдлын дараа Турк улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымтэй хийх уулзалтаа ч цуцалжээ. Шийдвэрээ Турк улс ардчилсан ёсыг уландаа гишгэж байна гэж тайлбарласан байна.

Нидерландын эрх баригчид даваа гарагт мэдэгдэл гаргаж, хоёр улс хоорондын дипломат харилцаа хурцадсан учир сонор сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан