Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Цагаан ордон сэтгүүлчдээс өрсөв

  М.Даваадулам 2017-03-15 1865

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын татварын мэдүүлгийг олонд зарлах асуудал дээр Цагаан ордон сэтгүүлчдээс өрслөө. Америкийн MSNBC телевиз мягмар гарагийн оройн мэдээгээр Доналд Трампын 2005 оны татварын мэдүүлгийг дэлгэжээ. Гэхдээ  Цагаан ордон “шуугиан тарьсан” тус мэдээллийн хөтөлбөрөөс өрсөж, албан ёсны мэдээлэл хийсэн байна.

Америкийн MSNBC телевизийн хөтлөгч Рэйчел Мэддоу Твиттер хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгч Доналд Трампын татварын мэдүүлгийг гартаа оруулсан, шууд эфирийн үеэр олонд дэлгэнэ гэж зарлажээ.

Тэгвэл энэхүү шууд мэдээллийн хөтөлбөрөөс өрсөж Цагаан ордноос мэдээлэл хийсэн байна.

Доналд Трамп 2005 онд Trump Organization компанийг тэргүүлж байхдаа 150 сая ам.долларын орлогоос 38 сая ам.долларын татвар төлсөн гэжээ. Тодруулбал, Трамп болон Меланья нар орлогынхоо 25%-ийг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Америкийн дундаж гэр бүл орлогынхоо гуравны хоёроос буюу 33%-иас багагүй мөнгөн дүнг татварт төлдөг. Гэхдээ хувь хүнд олон төрлийн татварын хөнгөлөлт олгодог. Хуулийн энэ л зүйл заалтыг Америкийн баячууд болон корпорациуд овжин ашигладаг байна.

Цагаан ордон: Сэтгүүлчдийн үйлдэл “хууль бус”

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын арав гаруй жилийн өмнөх татварын мэдүүлгийг олонд дэлгэж байгаа явдлыг Цагаан ордон “хууль бус” гэж тодорхойллоо.

“Магадгүй та нар бусдаас ялгарч, онцгойрч, рейтингээ өсгөх хүсэлтэй байх. Үүнийхөө төлөө хууль зөрчиж, арван жилийн өмнөх татварын мэдүүлгийн хоёр нүүр материалыг олонд дэлгэж байна. Бусдын хөрөнгө орлого, татварын мэдүүлгийг хулгайлж, олонд дэлгэх нь хууль бус” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурджээ.

Америкийн хэвлэлүүдээр Трамп хуулинд зааснаас их хэмжээний татвар төлж байсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд, Трамп хуулинд зааснаас их хэмжээний татвар төлөөгүй гэжээ.

MSNBC телевизийн сэтгүүлч Дэви Кэй Жонстон шуув эфирийн үеэр Трампын татварын мэдүүлгийг цахим шуудангаар хүлээн авсан гэжээ.

АНУ-ын Эрүүгийн хуулийн дагуу, бусдын татварын мэдүүлгийг хууль бус аргаар нийтэлж, олонд дэлгэвэл 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох, 5 мянган ам.доллар хүртэлх мөнгөн торгууль оногдуулах зэрэг ял шийтгэл оноодог байна.

Доналд Трамп татварын мэдээллээ яагаад дэлгээгүй вэ?

Доналд Трамп нь сүүлийн 40 жилийн хугацаанд өөрийн татварын мэдүүлгээ олон зарлаагүй анхны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болсон юм. Ингэснээр өрсөлдөгчид болон бусад намын зүгээс хуулинд зааснаас бага хэмжээний татвар төлдөг зэрэг шүүмжлэл дагуулах болжээ.

Татварын мэдүүлгээ олонд дэлгэснээр, бизнесийнхээ нарийн ширийн нууцыг задалсантай ялгаагүй гэж тэрбумтан Доналд Трамп тухайн үед тайлбарлаж байсан. Тэгвэл энэ удаад дэлгэсэн 2 нүүр материалд энэ талаарх мэдээлэл багтаагүй байна.

Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Хиллари Клинтон Трампыг буруутгаж, энгийн иргэдээс бага хэмжээний татвар төлдөг гэж шүүмжилж байсан. Үүнийг Трамп шог хошин байдлаар “Тэгвэл би бусдаас ухаантай юм байна” гэж тайлбарлаж байсан удаа бий.

Америкийн хуулийн дагуу баячууд дундаж давхаргын иргэдээс харьцангуй бага хувийн татвар төлдөг. Ялангуяа хувь хүний орлогын албан татвар оногдуулдаггүй хөрөнгө оруулалтын орлогод татвар оноодоггүй байна.

Трамп нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө бизнес эрхлэгч, тэрбумтан гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан. Гэхдээ хөрөнгө орлого, татварын мэдүүлэг нь нууц учир үнэн хэрэгтээ тэрбумтан эсэхийг тогтооход эргэлзээтэй гэж зарим шинжээчид үздэг. Доналд Трамп өөрийн хөрөнгөө 10 тэрбум ам.доллараар үнэлдэг ч, энэ мэдээлэлд шинжээчид эргэлздэг. Forbes сэтгүүл хамгийн сүүлд түүний хөрөнгийг 3,7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан