Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп болон Меркелийн анхны уулзалтаас түншлэлээ цаашид хадгалах хандлага ажиглагдав

  М.Даваадулам 2017-03-18 1989

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нар анхны уулзалтаа хийлээ. Баасан гарагт Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Минскийн гэрээний хэрэгжилт, НАТО, “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэл, олон улсын худалдааны бодлого зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвээр байр суурь солилцлоо. Уулзалтын дараа хоёр улсын төр засгийн лидерүүд хамтарсан хэвлэлийн хурал хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн.

Америк-Германы дээд хэмжээний уулзалтад Вашингтон болон Берлин төдийгүй дэлхий нийт анхаарал тавин ажиглаж байсан юм. Уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн хурал дээр лидерүүд хамтын түншлэлээ цаашид хадгалах хүсэлтэй байгааг илэрхийллээ. Гэхдээ талуудын улс төрийн байр суурь, ашиг сонирхлыг ч дээдлэхээ хэлсэн юм.

Украины хямрал

Украины хямралын асуудлыг хөндөхдөө Цагаан ордны тэргүүн Доналд Трамп зэвсэгт мөргөлдөөнийг таслан зогсооход Герман болон Франц улсын гаргаж байгаа хүчин чармайлт, манлайллыг үнэлсэн.

Харин ХБНГУ-ын канцлер Ангела Меркель энэ асуудлаар байр сууриа дэлгэрэнгүй илэрхийлсэн юм.

“АНУ-ын засаг захиргаа болон төрийн тэргүүн нь биечлэн Минскийн энхийн гэрээний хэрэгжилтэд анхаарал тавьж байгаа тухай сонсоход таатай байна. Бид энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайх хэрэгтэй байна. Украины асуудлыг шийдвэрлэх найдвартай, гэхдээ аюулгүй арга замыг эрэлхийлэх нь зүйтэй. Гэхдээ нэгэн зэрэг ОХУ-тай ч харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй. Минск бол сайн үндэс суурь байсан. Гэвч санасанчлан ахиц гарахгүй байна”

Ангела Меркель, ХБНГУ-ын канцлер

 

Батлан хамгаалах салбарын зардал

Цагаан ордны тэргүүн Трамп сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ-ыг НАТО-гийн бүрэлдэхүүнээс гаргана гэж амлаж байсан. Гэвч Цагаан ордны тэргүүний суудалд суусны дараа энэ байр сууриа эрс өөрчлөөд байгаа. Ангела Меркельтэй хийсэн уулзалтын үеэр ч НАТО-гийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, гишүүн орнуудыг хүлээсэн үүргээ биелүүлж, батлан хамгаалах салбарын зардлыг оногдсон хувь хэмжээний дагуу төлөх шаардлагатайг тэмдэглэлээ.

“Олон гишүүн орон өнгөрсөн жилүүдэд их хэмжээний мөнгө зээлсэн. Энэ нь АНУ-ын хувьд эрх тэгш бус байна. Тэдгээр орнууд зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх ёстой. ХБНГУ батлан хамгаалах салбарын зардлаа нэмэгдүүлж, НАТО-гийн төсөвт төвлөрүүлэх хураамжаа дор хаяж ДНБ-ийн 2%-тай тэнцэх хэмжээнд хүргэхээ амласан. Энэ хариуцлагынх нь төлөө канцлер Меркельд би уулзалтын үеэр талархал илэрхийлсэн”

Доналд Трамп, АНУ-ын Ерөнхийлөгч

Харин ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Цагаан ордны тэргүүний НАТО-д хандах хандлагыг үнэлж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн “НАТО бидний хувьд нэн тэргүүний чухал ач холбогдолтой” гэж хэлжээ. Ингэснээр Берлин 2024 он гэхэд батлан хамгаалах салбарын зардлыг ДНБ-ийн 2%-д хүргэхээр ажиллахыг түүний үг илтгэлээ гэж шинжээчид дүгнэж байна.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын батлан хамгаалах салбарт зарцуулж буй төсөв хөрөнгө бусад гишүүн 27 орны зардлыг хамтатгаснаас ч өндөр байгаа юм. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг эвслийн гишүүн Европын орнууд 2016 онд батлан хамгаалах салбарын зардлыг 3.8% буюу 10 тэрбум ам.доллараар нэмсэн гэжээ. НАТО-гийн гишүүн 28 орноос АНУ, Их Британи, Грек болон Эстони гэсэн дөрвөн улс нь шаардлага биелүүлж, батлан хамгаалах салбартаа ДНБ-ийн 2%-иас их хөрөнгө зарцуулдаг байна.

“Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэл, дүрвэгсдийн асуудал

АНУ болон Герман улс исламын терроризмын эсрэг хамтдаа тэмцэж, ард түмэн, эх орноо хамгаалах ёстойг Трамп тэмдэглээд, энэ зорилго нь хоёр улсын хувьд нэн тэргүүнд байх ёстой гэлээ.

“Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд цэрэг байлдааны болон иргэний тусламж үзүүлж буй Герман улсын хүчин чармайлтын төлөө канцлер Меркельд талархаж, алга ташмаар байна”

Доналд Трамп, АНУ-ын Ерөнхийлөгч

Цагаач дүрвэгсдийн эсрэг хэд хэдэн зарлиг гаргаж, олон нийтийн зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулж байгаа Доналд Трамп Ерөнхийлөгч уулзалтын үеэр дүрвэгсдийн асуудлыг ч орхигдуулсангүй.

“Цагаачлал бол аз завшаан болохоос давуу эрх биш. Манай улсын иргэдийн аюулгүй байдал нэн тэргүүнд байх ёстой”

Доналд Трамп, АНУ-ын Ерөнхийлөгч

Харин тус асуудлаар хатагтай Меркель байр сууриа илэрхийлэхдээ “гадаад хилийг хөрш орнуудтай хамтарч, нэгдсэн ашиг сонирхлын үндсэн дээр хамгаалах хэрэгтэй” гэв.

“Улс орны хилийг хууль бусаар давж буй байдалтай тэмцэх хэрэгтэй. Гэхдээ мөн дүрвэгсдэд боломж олгож, тэдэнд өөрсдийн амьдрал болон амьдрах газраа сонгох боломж олгох нь зүйн хэрэг. Иргэний дайн үргэлжилж байгаагаас дүрвэгсдийн асуудлыг зохицуулж чадахгүй байгаа улс орнуудад тусламж үзүүлэх хэрэгтэй”

Ангела Меркель, ХБНГУ-ын канцлер

“Шударга худалдаа”

Америк-Германы дээд хэмжээний уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөх байсан.

Эдийн засгийн түншлэл болон худалдааны бодлого харилцан ашигтай, мөн шударга байх ёстой”

Доналд Трамп, АНУ-ын Ерөнхийлөгч

Хожим сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Доналд Трамп чөлөөт, гэхдээ шударга худалдааг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын байр суурийг Германы канцлер Ангела Меркель ч дэмжсэн юм.

“Худалдаа наймаа шударга байх ёстой. Гэхдээ хоёр тал аль аль нь ашиг хүртэж байхаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй”

Ангела Меркель, ХБНГУ-ын канцлер

Утасны яриа хууль бусаар сонссон хэргийн “хохирогчид”

Уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн хурал дээр сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгчөөс ихэвчлэн дотоод бодлогын талаар асуулт тавьжээ. Тэдгээр асуултад хариулахдаа Америкийн хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах гэж, АНУ-ын цэргийн сүр хүчийг нэмэгдүүлэх гэж Ерөнхийлөгч болсон гэсэн байна. Мөн Twitter дахь өөрийн бичвэрүүддээ огтхон ч харамсдаггүй гэдгээ илэрхийлжээ.

Харин Ардчилсан намын сонгуулийн төв штаб сонгуулиас өмнө Трампын утасны яриаг чагнаж байсан тухай асуултад хариулахдаа Трамп “Өмнөх захиргааны хийсэн үйлдлийн хувьд гэвэл бидэнд адил төстэй тал байгаа бололтой” гэж хошигноод авчээ.

Барак Обамагийн захиргаа дэлхийн олон лидер, тэр дундаа Меркелийн утасны яриаг чагнаж байсан мэдээлэл өмнө цацагдсан. Тиймээс Трамп хошин байдлаар Меркель ч, өөрөө ч утасны яриа хууль бусаар сонссон хэргийн “хохирогчид” болсон гэжээ.

Гар барихтай холбоотой шуугиан

Доналд Трамп Ангела Меркельтэй гар барихаас татгалзсан мэдээлэл цахим ертөнцөд олны анхаарлыг татаж байна. Цагаан ордны тэргүүний ажлын өрөө буюу Зуйван танхимд сэтгүүлчдийг хүлээн авч уулзах үеэр, хэвлэлийнхэн хоёр лидерийг гар барьж зураг, дүрс авахуулахыг хүсчээ.

Канцлер Меркель Ерөнхийлөгч Трампад хандан “Алив, гар барих уу?” гэж асуусан боловч, тэрээр ямар нэгэн хариу өгөлгүй, төв царай гаргаж, урагш харан суужээ.

Трамп сонссонгүй юу? сонссон ч гар барихыг хүссэнгүй юу? зэрэг асуулт олон нийт дунд хөвөрч байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан