Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ялалтын баяр тэмдэглэхэд Москва хагас тэрбум рубль зарцуулна

  М.Даваадулам 2017-05-09 1289

ОХУ аугаа их ялалтын 72 жилийн ойн баярын арга хэмжээнд хагас тэрбум рубль /21 тэрбум төгрөг/ зарцуулах тооцоог Оросын РБК агентлаг гаргажээ. Энэ хөрөнгийн дийлэнхийг буюу 150 сая рублийг цэргийн сүрт жагсаалд оролцох зэвсэгт хүчний алба хаагчдыг тээвэрлэхэд зарцуулах юм байна.  Анх удаа Улаан талбайгаар туйлын цэргийн техник хэрэгсэл явж өнгөрөхөөрөө энэ жилийн парад онцлогтой.

ОХУ-ын Худалдан авах ажиллагааны газрын албан ёсны вэбсайтад мэдээлснээр, зөвхөн Москва хотод болох Ялалтын баярын арга хэмжээнд 509 сая рубль зарцуулна. Үүнээс, Аврагч Христийн сүмийн өмнөх талбайд тоглолт зохион байгуулахад 10 сая рубль зарцуулах юм.

Улаан талбайн чимэглэлт, салют буудуулах ажиллагааг хариуцан гүйцэтгэгч шалгаруулахаар тендер зарлаж, анхны санхүүжилтийг 53.1 сая рубль байхаар тогтоожээ.

Техник хэрэгсэл цөөрсөөр ...

Аугаа эх орны дайны ялалтын 72 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал Оросын 28 хотод болно. Холбооны улсын өнцөг булан бүрт болох жагсаалд зэвсэгт хүчний 90,000 алба хаагч оролцоно. Хамгийн олон хүн, техник хэрэгсэл оролцсон сүрт жагсаал мэдээж нийслэл Москва хотод болох юм.

Москва хотын Улаан талбайд болох цэргийн сүрт жагсаалд 10,000 хүн оролцоно гэх мэдээллийг ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас өгөөд байна. Мөн 114 нэгж цэргийн техник хэрэгсэл, 72 онгоц болон нисэх онгоц оролцох нь ээ.   

Оролцож буй техник хэрэгслийн тоогоор сүүлийн гурван жилийн парад дунд хамгийн “даруухан”, цомхон нь байх нь ээ. Өнгөрсөн жил 10,000 цэргийн алба хаагч, 71 онгоц болон нисдэг тэрэг, 135 техник хэрэгсэл оролцож байжээ. Харин ЗХУ тарж бутарснаас хойш буюу 1991 оноос хойшхи хамгийн “сүрлэг” парад 2015 оны Ялалтын баярын 70 жилийн ойн цэргийн сүрт жагсаал байв. Одоогоос хоёр жилийн өмнө Улаан талбайд болсон парадад зөвхөн ОХУ төдийгүй холбоотон орон, тэр дундаа Монгол улсын алба хаагчид оролцсон. Нийт 16,000 алба хаагч, цэргийн 193 нэгж техник хэрэгсэл, 143 онгоц болон нисдэг тэрэг, тэр дундаа шинэ загварын Су-35 сөнөөгч онгоц оролцсон байна.

Цэргийн сүрт жагсаалд оролцох техник, хэрэгслийн тоог танасан нь нэг талаас эдийн засгийн хэмнэлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Хэрэв бүх л загварын техник хэрэгслийг харуулах юм бол цэргийн сүрт жагсаалын хугацаа сунажирч, 5-6 дахин их түлш зарцуулна гэж үзэж байна. Тиймээс техник хэрэгслийг сонгохдоо “сүрлэг, мөн гоёмсог” харагдах байдлыг нэн тэргүүнд бодолцжээ.

Шинэ үеийн моод

Москва хотод болох цэргийн сүрт жагсаалын тэргүүн эгнээнд Эх орны дайнд оролцож байсан Т-34-85 танк явж өнгөрнө.

Т-34-85 танк

Мөн “Панцирь-С” загварын пуужингийн төхөөрөмж, С-400 “Триумф” /Сирид байрлуулсантай адил/ загварын зенитын пуужингийн төхөөрөмж ч жагсаалд оролцоно.

Түүнчлэн ОХУ-ын зэвсэглэлд шинээр нэвтрүүлсэн Т-14 загварын “Армата” танкийг ч харуулна. Мөн 2016 онд зэвсэглэлд бүрэн нэвтрүүлсэн туйлын цэргийн техник хэрэгслийг анх удаа харуулах юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хамтаар энэ оны 3-р сарын сүүлчээр Хойд мөсөн далайд байрлах ОХУ-ын эзэмшлийн Франц-Иосифын газарт очиж, шинэ үеийн цэргийн техник хэрэгслийн ашиглалттай танилцсан юм. Тор-М2ДТ загварын техник нь тэсгим хүйтэнд ямар ч саадтай замаар зорчих чадалтай, 15 км тойрогт агаараас хамгаалах хүчин чадалтай юм байна.

Пальмирыг чөлөөлөгчид

Москва хотод болох цэргийн сүрт жагсаалд 17 нисдэг тэрэг, 55 нисэх онгоц оролцоно. Тэдгээр дунд стратегийн зориулалт бүхий пуужин тээвэрлэгч Ту-160, Ту-95МС, мөн дуунаас хурдан сөнөөгч онгоц Миг-31 ч байх юм. Мөн цохилт өгөх зориулалт бүхий Ка-52 нисдэг тэрэг оролцоно. Тус загварын нисдэг тэрэг Сирийн эртний түүхэн дурсгалт Пальмира хотыг лалын хэт даврагсдаас чөлөөлөхөд онцгой үүрэг гүйцэтгэжээ.

Ка-52 нисдэг тэрэг

Су-25 БМ загварын зургаан бөмбөгдөгч онгоц Улаан талбайн дээр хөх тэнгэрт цагаан, цэнгэр, улаан өнгөөр ОХУ-ын төрийн туг далбааг дүрсэлнэ.

Нисдэг тэрэгнүүд хоорондоо 10 секундын зайтай, нисэх онгоцнууд 20 секундтай зайтай ниснэ ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэв.

Үүл хөөх, хүндэтгэлийн тоглолт

Москва хотод болох баярын арга хэмжээ зохион байгуулах тендер зарлаж, төсвийг нь 397 сая рублиэр баталсан. Хамгийн их хөрөнгийг “НКН-Строй” компанитай байгуулсан байна. Гэрээний дагуу парадад оролцох зэвсэгт хүчний алба хаагчдыг 150 сая рублиэр тээвэрлэхээр болжээ.

Мөн нийслэл Москва хотод 5-р сарын 8, 9-ний өдрүүдэд сарын нормтой тэнцэх хур тунадас орно гэж цаг уурчид анхааруулсан. Баярын өдөр үүл хөөх ажилд л 98 сая рубль зарцуулж байна. “Экспертавтодор” төрийн өмчит компанит тус тендерт ялалт байгуулж, 5-р сарын 1, 9 болон 6-р сарын 12-ны өдөр 293,6 сая рублиэр үүл хөөх ажил гүйцэтгэхээр болжээ. Ялалтын баярын өдөр үүл хөөх ажилд Ан-12 загварын 9 нисэх онгоц, мөн Як-42 загварын нэг онгоц оролцоно.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албанаас Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс 4.1 сая ахмад дайчинд баярын мэндчилгээ хэвлүүлэн илгээхэд 69.4 сая рубль зарцуулах юм байна. Харин Ялалтын баярыг угтан бэлэг дурсгалын 21,000 зүйл худалдан авахад 7.4 сая рубль зарцуулна.

Москва хотын удирдлага баярын салютын 5 сая рублийн тендер зарлажээ. Зөвхөн Горькийн цэцэрлэгт хүрээлэнд л салют буудуулахад 550,000 рубль зарцуулах юм байна. Өнөөдөр нийт 10,000 салют буудуулна.

Мөн Аврагч Христийн сүмийн өмнөх 4 цагийн баярын арга хэмжээ, тоглолт зохион байгуулахад 10.2 сая рубль зарцуулах аж.

Техник, хэрэгслийн зардал

Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн сүрт жагсаалд оролцох алба хаагчид, техник хэрэгсэл, нисэх онгоц зэрэгт улсаас 14 сая рубль зарцуулна.

45 сая рублийг жагсаалын хувцас оёход, газраар явагч техник хэрэгслийн түлшинд 350,000 рубль, нисэх онгоц болон нисдэг тэрэгний түлшинд 13.7 сая рубль зарцуулна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан