Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж байна

  М.Даваадулам 2017-05-09 1135

БНСУ-д өнөөдөр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж байна. Сонгуулийн ирц харьцангуй өндөр байгааг Өмнөд Солонгосын СЕХ тэмдэглэлээ. Орон нутгийн цагаар үдийн 14:00 цагт сонгуулийн ирц 59.9% байжээ. Ингэснээр өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиудтай харьцуулахад ирц өндөр байгаа юм.

Сонгуулийн санал авах байрууд өнөөдөр өглөө 06:00 цагт нээгдэж, 20:00 цагт хаагдана. БНСУ-ын 12 дахь Ерөнхийлөгчийн нэрийг маргааш буюу 5-р сарын 10-ны өглөө албан ёсоор зарлана. Гэхдээ урьдчилсан дүн мэдээ өнөө шөнөдөө гарах юм.

Өнөөдрийн сонгууль ээлжит бус учир, ялагч даруй тангараг өргөж, төрийн эрх мэдлийг авна.

“Тобуро” ардчилсан намаас нэр дэвшигч Мун Жэ Иныг ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч гэж харж байна. Хамгийн сүүлд иргэдийн дунд явуулсан санал асуулгаар, санал асуулгад оролцогсдын 42% түүний төлөө санал өгнө гэж хариулжээ. Түүний араас төвийг сахигч “Ардын нам”-аас Ан Чоль Сү, консерватив үзэлтэй “Солонгосын эрх чөлөөний нам”-аас нэр дэвшигч Хон Жүн Пё нар нэр хүндээрээ жагсаж байна. Тэдний рейтинг 18%-тай хэлбэлзэж байгаа юм.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 15 буюу хамгийн олон хүн нэр дэвшсэн байна. Хоёр нэр дэвшигч сонгуулийн өмнө нэрээ татжээ.

БНСУ-ын энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ээлжит бус. БНСУ байгуулагдсан цагаас хойшхи 19 дэх удаагийн, харин Өмнөд Солонгос улс ардчилалд шилжиж, 6 дахь БНУ байгуулагдсан цагаас хойшхи 7 дахь удаагийн сонгууль юм. Ээлжит сонгууль энэ оны 12-р сарын 20-нд болох хуваарьтай байсан. Харин өмнөх Ерөнхийлөгч Пак Гын Хег албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан зэрэг хэргээр албан үүргээс огцруулах шийдвэрийг оны өмнө БНСУ-ын Парламент гаргаж, хоёр сарын өмнө энэ улсын Дээд шүүх Ерөнхийлөгчөө огцруулахыг дэмжсэн юм. Ингэснээр Пак Гын Хег Ерөнхийлөгчийн албан үүргээс чөлөөлж, Ерөнхий сайд Хван Гё Ан Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Өндөр ирц

Улс төр судлаачдын дүгнэж байгаагаар, өнөөдрийн сонгуулийн ирц харьцангуй өндөр байна. Өмнөд Солонгосын нийгэм Ерөнхийлөгчийн сонгуульд онцгой анхаарал хандуулж байгаагийн илрэл гэж харж байгаа юм. Өнөөдрийн ирц өндөр байгаа төдийгүй, энэ улсын сонгуулийн насны иргэдийн 26% буюу 11 сая хүн урьдчилсан байдлаар санал өгчээ. Өнөөдрийн сонгуулийн ирц 85%-тай байх болов уу гэж таамаглаж байна.

БНСУ-ын Зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан, сонгуулийн өдөр Умард Солонгос улсын зүгээс өдөөн хатгасан алхам хийж болзошгүй гэж Сөүл болгоомжилж байна. Тиймээс сонгуулийн өмнө энэ улсын зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Өнгөрсөн оны эхээр Пхеньян хоёр ч цөмийн туршилт явуулж, өнгөрсөн жил гарны хугацаанд хэд хэдэн баллистик пуужин хөөргөн туршсан. Ингэснээр Солонгосын хойгт нөхцөл байдал хурцдаад байгаа юм.

Мөн Өмнөд Солонгос улс хилийн бүсдээ Пхеньяны цөмийн заналхийллээс сэргийлж Америкт угсарсан THAAD загварын пуужин эсэргүүцэгч суурилуулж, АНУ, Япон, БНСУ зэвсэгт хүчний хамтарсан сургуулилт хийсэн зэрэг нь хойг дахь нөхцөл байдлыг хурцатгаад байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан