Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ Куба улстай харилцаагаа дахин таслав

  М.Даваадулам 2017-06-17 2307

Шинжээчдийн таамаглаж байсанчлан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт Майамид ажиллахдаа өмнөх Ерөнхийлөгч Обамагийн үзэглэсэн Куба улстай харилцаагаа сэргээх зарлигийг цуцалж байгааг зарлалаа. Харилцаагаа сэргээх бус, харин ч Вашингтон, Хавана хооронд дахин нэмэлт хязгаарлалт тогтооно гэдгийг Цагаан ордны тэргүүн тэмдэглэжээ. Куба улс Венесуэл дахь нөхцөл байдлыг хурцатгаснаас гадна БНАСАУ-д зэвсэг нийлүүлэх бодлого баримталж байгаа нь ийнхүү Вашингтон, Хаванагийн харилцааг таслахад хүргэсэн гэсэн тайлбар өгсөн байна.

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн Хаванатай байгуулсан нэг талт хэлэлцээрийг бүрэн цуцалж байгааг Цагаан ордны тэргүүн Доналд Трамп Майами дахь Куба иргэдийн төлөөлтэй уулзахдаа илэрхийлжээ. Обамагийн засаг захиргааны Куба улстай харилцаагаа сэргээх шийдвэр алдаа дутагдалтай байсныг ноён Трамп тэмдэглэсэн байна. “Энэхүү аймшигт хэлэлцээр нь бүс нутагт хүчирхийлэл болон тогтворгүй байдал авчирч байна. Хариуд нь Вашингтонд ямар нэгэн үр ашиг авчрахгүй байна” гэжээ.

Вашингтон ийнхүү Куба улсын эсрэг худалдааны хоригийг дахин тогтоож, АНУ-аас Куба улс руу аялахыг дахин хориглож байна. Түүнчлэн Цагаан ордноос гаргасан албан ёсны мэдэгдэлд хоригоо цуцлахыг уриалсан НҮБ-ын санал шүүмжийг Вашингтон эсэргүүцэж байгааг тэмдэглэжээ.


Д.Трамп: Вашингтон Хаванатай эдийн засгийн харилцаагаа сэргээхэд бэлэн

Вашингтон гэвч Куба улсын эрх баригчидтай харилцаагаа сэргээх шинэ хэлэлцээр эхлүүлэхэд бэлэн байгааг ноён Трамп тэмдэглэсэн байна. Бүх зүйл Куба улсаас, Кубын эрх баригчдаас шалтгаална гэдгийг тодотголоо.

“Куба болон Америкийн иргэдэд аль алинд нь ашигтай байх утга учиртай, шударга, шилдэг гэрээ байгуулахын тулд бид хэлэлцээр эхлүүлэхэд бэлэн байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэллээ.

Кастрогийн дэглэм Умард Солонгост зэвсэг нийлүүлж, Венесуэлд эмх замбараагүй байдал дэгдэхэд нөлөөлсөн нь ийнхүү Вашингтон Хаванатай сэргээсэн харилцаагаа таслах үндэс болжээ. Худалдаа эдийн засгийн хоригийн дэглэмд эргэн шилжсэнээр Кубын эрх баригчдыг хүний эрх, эрх чөлөөг дээдлэхийг уриалж байгаа хэрэг гэж ноён Трамп үзэж байна.

Мөн алан хядлага болон бусад гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдүүдийг Вашингтонд шилжүүлэн өгөхийг ч уриаллаа.

Цагаан ордноос хийсэн мэдэгдэлд Вашингтон Куба улсын дотоод асуудалд хөндлөнгөөс нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцолж байна.


Америкийн бизнес эрхлэгчид Кубын жижиг дунд үйлдвэр эрхлэгчидтэй худалдаа хийж болно

Хаванагийн эсрэг бодлогод өөрчлөлт оруулснаар Кубын аж үйлдвэрлэгчидтэй худалдаа эрхлэхийг дэмжинэ. Кубын зэвсэгт хүчнийхэнд л хориг хамаарах юм байна. Америкийн иргэд болон аж ахуйн нэгжүүдэд Кубын жижиг дунд бизнес эрхлэгчидтэй худалдаа эдийн засгийн харилцаа тогтоож, хөгжүүлэхийг зөвшөөрөх юм байна.

АНУ хагас зуун жилийн өмнө Кубын эсрэг худалдааны хориг тогтоосон. Куба улс нэг ёсондоо Америкийн хориг дор оршин тогтнож дассан гэж шинжээчид харж байна.

АНУ 1961 онд Куба улстай дипломат харилцаагаа тасалж, Хаванагийн эсрэг худалдаа эдийн засгийн хориг тогтоосон. Харин хагас зууны дараа 2014 оны 12-р сард АНУ-ын өмнөх төрийн тэргүүн Барак Обама Кубын эсрэг хоригийг цуцалж, харилцаагаа сэргээх “түүхэн” шийдвэр гаргасан.

Обама Ерөнхийлөгч өнгөрсөн оны 3-р сард Куба улсад айлчилсан нь, Цагаан ордны тэргүүн 90 жилийн дараа эрх чөлөөний аралд хөл тавьсан “түүхэн” үйл явдал болсон юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан