Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Нагасакид хаясан бөмбөгнөөс ч хүчтэй”: БНАСАУ-ын шинэ цөмийн туршилт ямар аюултай вэ?

  М.Даваадулам 2017-09-04 2605

Умард Солонгос улс өчигдөр зургаа дахь удаагийн цөмийн зэвсгийн туршилт явууллаа. БНАСАУ-ын газар нутагт хүчтэй газар хөдөлсөн нь устөрөгчийн бөмбөг туршсаныг илтгэж байгааг шинжээчид тэмдэглэсэн. Туршилт явуулахаас өмнө ч Умард Солонгос улс тив хоорондын баллистик пуужинд суурилуулах боломжтой, “авсаархан” устөрөгчийн цэнэгт хошуу үйлдвэрлэсэн гэх мэдээлэл ч барууны хэвлэлүүдээр цацагдсан юм. Эрдэмтэд болон цэргийн шинжээчид цөмийн зэвсгийг 70-120 килотонн хүчтэй гэж тооцоолж байгаа бөгөөд энэ нь АНУ-ын 1945 онд Японы Нагасаки хотод хаясан бөмбөгнөөс (21 килотонн) зургаа дахин хүчтэй юм.

Ням гарагт /2017.09.03/ Умард Солонгост газар хөдлөлт бүртгэгдсэн талаар хэд хэдэн улс орны мэргэжилтнүүд тэмдэглэсэн. Yonhap агентлаг Солонгосын цаг уур орчны шинжилгээний агентлагийн мэдээлэл дээр тулгуурлан 5.6 баллын хүчтэй газар хөдөлсөн гэж дамжуулжээ.  Газар хөдлөлт БНАСАУ-ын цөмийн полигон байрладаг Хамгён-Пукто мужийн Кильжү хотоос холгүй бүртгэгдсэн гэдгийг онцолсон. Өмнөд Солонгосын эрдэмтдийн энэ мэдээллийг АНУ, Япон, БНХАУ-ын мэргэжилтнүүд ч удалгүй баталжээ. Харин Хятадын тал 6.3 баллын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээлсэн юм.

Газар хөдлөлт ням гарагт, орон нутгийн цагаар 11:30 цагт болсон. Үүнээс удалгүй дахин 4.6 баллын хүчтэй газар хөдөлжээ. Хятадын газар хөдлөлт судлалын төвийн мэдээлснээр, хоёр дахь газар хөдлөлт 11:38 цагт бүртгэгдсэн байна.

Умард Солонгост болсон газар хөдлөлт Оросын Алс Дорнодын хязгаарт ч мэдрэгджээ.

Умард Солонгосын туршсан бөмбөг 70 килотонны хүчтэй байсан гэж Японы цэргийн шинжээчид тооцоолжээ. Харин Өмнөд Солонгосын тал – 100 килотонн гэж тогтоосон бол, Норвегийн мэргэжилтнүүд – 120 килотонн буюу АНУ 1945 онд Нагасакид хаясан бөмбөгнөөс (21 килотонн) зургаа дахин хүчтэй гэж үзэж байна.

Пхеньяны цөмийн зэвсгийн туршилттай холбогдуулан Сөүл дотоод болон гадаад аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зарласан.

Yonhap агентлагийн мэдээлснээр, БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршсанаа баталж, туршилт амжилттай болсон гэж зарлажээ. The Daily Telegraph сонин ч мөн БНАСАУ-ын төв телевизийн туршилтын талаар мэдээлсэн гэж дамжуулж байна.

“Энэ удаагийн дэлбэрэлтийн хүч өмнөх удаагийн туршилтуудаас 10-20 дахин хүчтэй байсан” гэж Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Кун Ше Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. “Дэлбэрэлтийн хүчээс харахад устөрөгчийн бөмбөг туршсан” гэж хэвлэлүүдийн мэдээллийг шинжээчид ч баталж байна.

Чучхагийн үзэл суртал

“Саяхнаас угсарч эхэлсэн тив хоорондын баллистик пуужинд суурилуулах зориулалт бүхий устөрөгчийн бөмбөгийн хүчин чадал болон дотоод бүтцийн ажиллагаа, оновчтой байдлыг шалгаж тогтоохын тулд устөрөгчийн бөмбөг туршсан” гэж Умард Солонгосын төв телевизийн дамжуулсныг Өмнөд Солонгосын Yonhap агентлаг иш татан мэдээлж байна.

Газар хөдлөлт мэдрэгдэхээс өмнөхөн Умард Солонгосын мэдээллийн төв агентлаг тив хоорондын баллистик пуужинд суурилуулах боломжтой “авсаархан” устөрөгчийн цэнэгт хошуу угсарсан тухай мэдээлсэн. БНАСАУ энэ оны 7-р сард 10,000 км тусгалтай, Номхон далайн Гуамын арал дахь Америкийн цэргийн бааз төдийгүй Америкийн баруун эрэгт хүрэх хүчин чадалтай хоёр ч пуужин туршсан юм.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун цөмийн боловсруулалтын хүрээлэнд зочилж, шинээр угсарсан цөмийн цэнэгт хошууг биечлэн үзэж сонирхсон юм.

“Устөрөгчийн бөмбөгийн бүх л эд ангийг чучхе үзэл суртал дээр тулгуурлан дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэн угсарсан. Ингэснээр хэрэгцээтэй хэм хэмжээгээр улс орон дотооддоо цөмийн хүчирхэг зэвсэг үйлдвэрлэж чадахыг батлан харуулж байна” гэж Умард Солонгосын лидерийн хэлснийг БНАСАУ-ын төв телевиз иш татан мэдээлжээ.

БНАСАУ дахин цөмийн бөмбөг туршсан мэдээлэл ил болсон даруй Япон, АНУ-ын лидерүүд утсаар ярилцаж, Умард Солонгосын асуудлыг хэлэлцжээ. Доналд Трамп, Шинзо Абэ нар БНАСАУ-ын зүгээс өсөн нэмэгдэж буй аюул заналхийллийн талаар хэлэлцэж, Пхеньянд шахалт үзүүлэх аргын талаар зөвлөлдсөн гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлж байна.

Мөн Япон улсын Гадаад хэргийн сайд Таро Коно БНАСАУ-ын үйлдлийг “уучилж болшгүй” гэж тодотгоод, ОХУ-ыг Умард Солонгост шахалт үзүүлэхийг, тэр дундаа Пхеньяны эсрэг газрын тосны хориг тавихыг уриалжээ.

Тэгвэл АНУ, БНСУ бүс нутагт хамтарсан цэргийн сургуулилтаа үргэлжлүүлж, Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хурцатгаад байгаа энэ үед Японы уриалга ч “гал дээр шар тос нэмэхтэй” адил гэж шинжээчид харж байна.

Учир нь “АНУ Японы эсрэг түлшний хориг тогтоосноор, 1941 онд Япон улс Америкийн эсрэг дайн зарлаж байсан” гэж тэмдэглэлээ. “Энд техникийн болон улс төрийн хүчин зүйлс хоорондоо сүлэлдэнэ” гэж үзэж байна.

Ойлгож байгаа ч, хүлээн авах боломжгүй

“Олон улсад үйлчилж буй цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэмийг зөрчиж буй БНАСАУ-ын удирдлагын үйлдэл нь дэлхий дахинд ноцтой аюул учруулж, Солонгосын хойг төдийгүй бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа нь харамсалтай. Энэ үйлдлээ цаашид үргэлжлүүлснээр БНАСАУ-д л хор уршигтай” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (ОУЦЭХА) Пхеньяны үйлдлийг “онц харамсмаар үйлдэл” гэж нэрлээд, олон улсын нийгэмлэгийн удаа дараагийн шаардлагыг “үл тоомсорлолоо” гэж дүгнэжээ.

Япон улсын Гадаад хэргийн яам Пхеньянд хандан цөмийн туршилттай холбогдуулан эсэргүүцлийн бичиг хүргүүлжээ. Бүс нутгийн хурцдаж буй нөхцөл байдалд яаралтай хариу арга хэмжээ барихын тулд Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчидтэй байнгын холбоотой байхыг үүрэг болгосон байна.

“БНАСАУ-ын баримталж буй бодлого, нэгдүгээрт, бүс нутгийн хурцадмал нөхцөл байдлыг дахин “ирлэж” байна, хоёрдугаарт, олон улсад энхтайван байдал тогтоох үүрэг бүхий НҮБ-ын нэр хүндийг “уландаа гишгэж”, удаа дараагийн хориг тогтоолыг нь няцааж байна” гэж шинжээчид дүгнэжээ.

Зарим шинжээчид БНАСАУ туршилтын товоо “амжилтгүй” сонголоо ч гэж дүгнэж байна. Учир нь БНХАУ-ын Коммунист намын ээлжит хуралдаан эхлэх гэж байгаа, БРИКС-ын дээд хэмжээний уулзалт ч болж байна. Тиймээс Москва болон Бээжингийн зүгээс хурц эсэргүүцэл дагуулж, магадгүй ээлжит хориг арга хэмжээ авахад ч хүргэж болзошгүй гэж харж байгаа юм.

Өмнөд Солонгосын экологичид буулт хийж, THAAD байрлуулахыг зөвшөөрөв

Пхеньян устөрөгчийн бөмбөг туршснаар Өмнөд Солонгосын байгаль хамгаалагчид буулт хийлээ. Улс орондоо THAAD пуужин эсэргүүцэгч байрлуулахыг зөвшөөрч байгаагаа өнөөдөр өглөө БНСУ-ын Байгаль орчныг хамгаалах яам мэдэгджээ. Гэхдээ тодорхой нөхцөл шаардлага хангахыг хүссэн байна.

Пуужингаас хамгаалах системийн тал хувийг Өмнөд Солонгост энэ оны хавар хүргүүлээд байсан юм. Гэвч экологийн дүн шинжилгээ хийх шаардлагатай гэсэн тайлбарыг тус улсын Байгаль орчныг хамгаалах яамнаас өгч, THAAD байрлуулах ажил жил орчим хугацаагаар хойшилжээ.

THAAD төхөөрөмж нь баллистик пуужингийн толгой хэсгийг байндаа тусахаас өмнөх сүүлийн үе шатанд барих зориулалттай юм. Вашингтоны мэдэгдсэнээр, пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем нь АНУ болон холбоотон орнуудын зэвсэгт хүчнийг хамгаалах зориулалттай юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан