Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

“Пхеньянаас ярьж байна”: БНАСАУ-ын төв телевизийн “мөнхийн” хөтлөгчийн тухай

  М.Даваадулам 2017-09-06 4418

“Манай баллистик пуужинд зориулан угсарсан устөрөгчийн цэнэгт хошууны туршилт маш амжилттай боллоо. Энэ бол үндэсний цөмийн зэвсэглэлийн хөтөлбөрийн хувьд маш чухал алхам” гэж устөрөгчийн цэнэгт хошуу үйлдвэрлэсэн тухай Пхеньяны албан ёсны мэдэгдэлд дурдсан. Дэлхийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацсан мэдэгдлийг БНАСАУ-ын төв телевизийн “мөнхийн” хөтлөгч гэгдэх 74 настай Ли Чун Хи уншиж сонордуулсан юм.

Ли Чун Хи нь БНАСАУ-ын төв телевизийн дэлгэцээр 40 гаруй жил үзэгч олонд мэдээ уншиж сонордуулж байгаа. Тэрээр 1943 онд Канвондо мужийн Тончон хотод ядуу гэр бүлд мэндэлжээ. Энэ нь ч улстөрийн хувьд эрх баригчдаас итгэл хүлээж, Засгийн газрын ивээл доор сурч боловсрох боломж олгосон байна.

Тиймээс өөрийн нийгмийн гарал угсаа нь өнөөдрийн амжилтын үндэс гэж хатагтай Ли Чун Хи үздэг.

Тэрээр Пхеньяны театр, киноны их сургуулийг төгсөөд, БНАСАУ-ын төв телевизэд ажилд оржээ.

Театрын боловсрол нь Ли Чун Хигийн авьяас чадварыг нээжээ. Ли Чун Хи 38 жил телевизэд ажилласан байна. 2012 онд тэтгэвэрт гарсан ч, залуу боловсон хүчин бэлтгэх ажилд хүчин зүтгэж явна.

Хөтлөгчийн хувиар хатагтай Лигийн дүр төрх үзэгчдэд “ээж”-ийг санагдуулдаг. Умард Солонгосын үе үеийн удирдагчдын гэргий нар олны өмнө “тод” гарч байгаагүй.

Харин Ли Чун Хи бол өндөр албан тушаалд хүрсэн Умард Солонгосын цорын ганц эмэгтэй төдийгүй, БНАСАУ-ын эмэгтэйчүүдийн “нүүр царай” юм.

Ли Чун Хи сэтгүүлзүй судалж байгаагүй. Гэхдээ эзэмшсэн мэргэжил, өөрийн авьяас дээр тулгуурласан мэдээ унших өвөрмөц арга барил, хувирах чадвартай хүчирхэг хоолой нь энэ амжилтад хөтөлжээ.

“Тэр маш хүчтэй хоолойтой. Түүний хоолой дэлгэц дүүргэх чадалтай. Цөмийн зэвсэг, эсвэл пуужингийн тухай мэдэгдэл хийхэд төгс тохирдог. Өөр тийм чадалтай хүн үгүй” гэж хойгийн өмнөд хэсэг рүү оргон зугтсан Умард Солонгосын иргэд ярьдаг байна.

Нэртэй хөтлөгчийн тухай мэдээлэл тун хомс. Ямартай ч ягаан өнгөнд дуртай гэнэ. Сүүлд БНАСАУ устөрөгчийн цөмийн цэнэгт хошуу амжилттай туршсан тухай мэдэгдэхдээ ягаан өнгийн үндэсний хувцас – ханбуг өмссөн байжээ.

Ли Чун Хи БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сенийг таалал төгссөн мэдээ уншиж сонордуулж байсан бол, үүнээс 17 жилийн дараа удирдагч Ким Чен Ир таалал төгссөн мэдээ ч уншиж байжээ. Ингэхдээ нүдэнтэй нулимстай их удирдагчдаа мөнх нойрссоныг зарласан юм.

2012 онд Ли Чун Хи тэтгэвэрт гарсан ч, пуужин аль эсвэл шинэ зэвсгийн амжилттай туршилтын талаарх мэдээлэл түгээх бүрт түүнийг урьж, мэдээ уншуулдаг байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан