Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НҮБ Умард Солонгосын эсрэг хоригоо дахин чангатгалаа

  М.Даваадулам 2017-09-12 974

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын эсрэг хоригоо дахин чангатгалаа. №2375 тоот тогтоолын төсөл бол Пхеньяны эсрэг тогтоож байгаа хамгийн харгис, хатуу хориг арга хэмжээ гэдгийг онцолж байгаа юм. Вашингтон Пхеньяны эсрэг олон улсын хоригийг чангатгах тогтоолын төсөл өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Гэвч бусад гишүүн орнуудын зүгээс энэ төсөл эсэргүүцэлтэй тулсан учир, Вашингтон ч буулт хийхэд хүрчээ. НҮБ-ын шинэ тогтоолын төсөл нь Пхеньяны пуужингийн болон цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх санхүү болон эд материалын эх үүсвэрийг “боомилно” гэж харж байна.

БНАСАУ-д газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхийг бүрмөсөн хориглох болон өөр хэд хэдэн чанга хатуу арга хэмжээнээс Вашингтон татгалзсан байна. Ингэснээр Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд санал нэгтэй БНАСАУ-ын эсрэг хоригоо чангатгахыг дэмжин баталлаа.

№2375 тоот тогтоол нь БНАСАУ-ын эсрэг авч байгаа хамгийн харгис, хэрцгий арга хэмжээ гэдгийг онцолж байгаа юм. Өнөөдрийг хүртэл Умард Солонгосын нүүрс, төмрийн хүдэр, далайн гаралтай бүтээгдэхүүн болон бусад ашигт малтмал, түүхий эдийн экспортод тогтоогоод байсан хоригтой өчигдөр баталсан хориг нийлснээр, цаашид Пхеньян цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх хөрөнгө бололцоогүй болно гэж тооцоолж байгаа юм. Гэхдээ БНАСАУ-ын эрх баригчид өнөөдрийг хүртэл олон улсын хоригийг үл харгалзан, өөрсдийн зохион бүтээх чадвараа гайхуулсаар байгааг ч шинжээчид тэмдэглэлээ.

Гэхдээ мөн Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг бусад орон үнэнчээр биелүүлэх эсэх ч эргэлзээ дагуулж байна. Учир нь НҮБ-ын шинжээчдийн сүүлд гаргасан тайланд Франц, Энэтхэг, Ирланд, Пакистан, БНХАУ болон өөр бусад 7 улс сүүлийн нэг жилийн хугацаанд Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, БНАСАУ-аас төмөр, ган, металл эд эдлэл импортолсон болохыг тэмдэглэжээ.

Шинэ хориг Пхеньяны гадаад орлогын 90%-ийг “боомилно”

Өнгөрсөн удаад баталсан хориг БНАСАУ-ын нүүрсний зах зээлийг “царцаасан” бол, энэ удаад ДНБ-ийг бүрдүүлэгч хоёр дахь том салбар болох бөс барааны зах зээлд хүнд цохилт үзүүлж байна. БНАСАУ-ын экспортын бөс барааны 80%-ийг БНХАУ худалдан авдаг байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн урд шөнө баталсан №2375 тоот тогтоолд БНАСАУ-аас бөс бараа худалдан авахыг, мөн байгалийн хий болон байгалийн хийнээс гаргаж авсан аливаа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хоригложээ. Мөн БНАСАУ-д нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тогтоосон байна. 2017 оны 10-р сарын 1-нээс 12-р сарын 31-нийг дуусталх хугацаанд 500 мянган баррель, харин ирэх оноос жилдээ 2 сая баррелиэс ихгүй газрын тосны бүтээгдэхүүн Умард Солонгост нийлүүлэхийг зөвшөөрчээ.

Пхеньянд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг улс орнууд 30 хоног тутамд Аюулгүйн зөвлөлийн тусгай хороонд тайлан ирүүлж, худалдаа наймаа хийсэн хувь хүн, байгууллага нь БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй ямар нэгэн холбоогүй болохыг батлах ёстой юм байна. Харин тус хороо тогтоолд заасан Пхеньянд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ дөхөж байгааг нийлүүлэгч орнуудад эргүүлэн сануулах үүрэг хүлээнэ.

Тэгвэл өчигдөр баталсан тогтоолд БНАСАУ-д нийлүүлэх түүхий газрын тосонд ямар нэгэн хориг, хязгаарлалт тогтоохоор тусгаагүй байна. Харин нүүрсустөрөгчийн түүхий эдийн нийлүүлэлт дараа дараагийн жилүүдэд өнгөрсөн 12 сарын хугацаанд нийлүүлсэн хэмжээнээс хэтрэх ёсгүй гэж заажээ. Ингэхдээ эдгээр хязгаарлалт нь хүмүүнлэгийн шугамаар Пхеньянд нийлүүлж байгаа түүхий эдэд хамаарахгүй юм байна.

Аюулгүйн зөвлөл түүнчлэн БНАСАУ-ын хуулийн этгээдтэй хамтарсан үйлдвэр байгуулахыг хориглож, Пхеньяны эсрэг үйлчилж буй олон улсын худалдааны хоригийг зөрчсөн байж болзошгүй хөлөг онгоцнуудад далай тэнгисийн уснаа нэгжлэг хийх эрхийг улс орнуудад олгожээ.

Америкийн талын гаргасан тооцоогоор, БНАСАУ-ын эсрэг өмнө нь болон шинээр авсан хориг арга хэмжээний дүнд Пхеньяны гадаад худалдааны орлогын 90%-ийг хаах юм байна. Өнгөрсөн онд БНАСАУ гадаад худалдаанаас 2.7 тэрбум ам.долларын орлого олжээ. Зөвхөн бөс барааны худалдаанаас 760 сая ам.доллар “халаасалсан” байна.

Өнөөдөр дэлхийн орнууд БНАСАУ-д жилдээ 4.5 сая баррель газрын тос нийлүүлдэг. Тэгвэл шинэ хориг үйлчилснээр энэ дүн 55% буурна. Харин Пхеньянд нийлүүлэх нүүрсустөрөгчийн хэмжээ 30% танагдах юм байна.

Вашингтон ихээхэн буулт хийв

Холбогдох тогтоолын төслийг АНУ боловсруулж, өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Гэвч тогтоолын төслийг хэлэлцүүлэх явцад ихээхэн санал зөрөлдөөн гарч, улмаар тогтоолын төсөлд багагүй өөрчлөлт оржээ. Өмнө нь тэмдэглэсэнчлэн, БНАСАУ-д нүүрсустөрөгч нийлүүлэхийг бүрмөсөн хориглох заалтыг зөөлрүүлж, хязгаарлалт тогтоохоор болсноос гадна БНАСАУ-аас ажлын хүч авахад хориг тогтох зүйл заалтыг хасчээ.

Шинэ хориг мөн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, Засгийн газар, Хөдөлмөрийн намын эсрэг ямарваа хориг тогтоогоогүй байна. Харин хар жагсаалтад Хөдөлмөрийн намын зарим бүтэц бүрэлдэхүүн, тэр дундаа Цэргийн төв хороо, Ардын зэвсэгт хүчний сайд Пак Ён Сик нарыг багтаажээ.

Анх өргөн барьсан тогтоолын төсөлтэй харьцуулахад өчигдөр баталсан тогтоолд БНАСАУ-ыг тойрсон асуудлыг энхийн арга замаар шийдвэрлэх нь чухал гэдэгт ихээхэн анхаарал хандуулжээ. Мөн улс орнуудын тусгаар тогтнолыг хүндэтгэхийн чухлыг тэмдэглэснээс гадна Солонгосын хойг дахь нөхцөл байдал хурцадвал бүс нутгийн аюулгүй байдалд ихээхэн аюултай сөрөг үр нөлөө дагуулж болзошгүй гэж бичсэн байна.

Никки Хейли: “АНУ дайн хүсэхгүй байна”

Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын санал хураалтын үеэр НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Никки Хейли хэлэхдээ, “БНАСАУ-ын эсрэг хориг тогтоох нь АНУ-ын хувьд тийм ч таатай зүйл биш, гэхдээ Умард Солонгосын эрх баригчид өөрсдийн үйлдлээрээ олон улсын нийгэмлэгт өөр сонголт үлдээсэнгүй” гэж тэмдэглэжээ.

Мөн “АНУ БНАСАУ-ын эсрэг дайтах ямар нэгэн хүсэлгүй” гэдгийг хатагтай дипломатч дахин тэмдэглэсэн юм. Хэрэв Пхеньян цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал, Вашингтон “эвлэрэхэд” бэлэн гэжээ. Харин БНАСАУ өөрийн аюултай үйл ажиллагаагаа үргэлжлүүлвэл дарамт шахалт үргэлжлүүлэн үзүүлэхээс аргагүй гэж хатагтай Никки Хейли онцолсон байна.

Мөн тэрээр БНХАУ-д АНУ-ын санаачилсан хориг арга хэмжээг дэмжсэнд талархал илэрхийлжээ.

Москва Пхеньяны цөмийн амбицийг хүлээн зөвшөөрөхгүй

Москва ч мөн Пхеньяны цөмийн амбицийг хүлээн зөвшөөрөхгүй гэж НҮБ дахь ОХУ-ын суурин төлөөлөгч Василий Небензя тэмдэглэлээ. Тиймээс эсрэг хориг бүхий тогтоолын төслийг дэмжсэн гэсэн юм. Мөн Пхеньяны сүүлд явуулсан цөмийн туршилтад хатуу хариу арга хэмжээ барих нь зүйтэй гэж үзэж байна.

БНАСАУ-ын эсрэг санхүүгийн хувьд бүх л төрлийн хориг арга хэмжээ тогтоосон, цаашид санхүүгийн хориг тогтоох боломж ч үгүй болж байгааг тэрээр онцолжээ. Магадгүй энэ нь маш гүн гүнзгий хүмүүнлэгийн хямрал дагуулж болзошгүй гэж болгоомжилж байна.

Ноён Василий Небензя түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хориг тогтоох бус, улстөрийн хэлэлцээрийн аргаар асуудлыг шийдвэрлэх уриалгыг ч сануулсан байна. Чухам ОХУ, БНХАУ хамтран асуудлыг зохицуулах замын зураглал боловсруулж танилцуулсан юм.

Вашингтон Солонгосын хойг дахь цэргүүдийнхээ тоог цөөлнө гэж Бээжин найдаж байна

Москва болон Бээжингийн хамтарсан санаачилгын талаар НҮБ дахь БНХАУ-ын суурин төлөөлөгч Лю Жэи ч тэмдэглэсэн юм. Ноён Лю Жэи түүнчлэн АНУ-ыг энхтайван байдлыг сахин мөрдөж, Солонгосын хойг дахь зэвсэгт хүчнийхээ тоог цөөлж, БНАСАУ-ын дэглэмийг өөрчлөх санаа бодлоосоо ухрахыг уриалжээ.

Мөн Өмнөд Солонгост пуужингаас эсэргүүцэн хамгаалах THAAD төхөөрөмж суурилуулахыг ч Бээжин эсэргүүцэж байгааг илэрхийлсэн байна. Пхеньяны эсрэг хоригийг чангатгаж байгаа нь өргөн хүрээний хүмүүнлэгийн хямрал дагуулахвий гэж БНХАУ-ын суурин төлөөлөгч болгоомжилж байгаа юм.

Харин БНАСАУ Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг бойкотолсон хэвээр байна. Умард Солонгосын дипломатчид өчигдөр ч мөн Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд суусангүй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Ашхабад - 2017
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан