Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Их Британи улс аюулын түвшингээ дээд хэмжээнд “тулгав”

  М.Даваадулам 2017-09-16 995

Их Британид он гарсаар тав дахь удаагаа террорист халдлага боллоо. Баасан гарагт нийслэл Лондон хотын метронд болсон дэлбэрэлтийг “террорист халдлага” гэж эрх баригчид тодорхойлж байна. Ингэснээр Будант Альбион аюулын түвшингээ хамгийн дээд хэмжээнд хүртэл тулгалаа. “Ноцтой” түвшнээс “онц ноцтой” түвшин болтол нэмэгдүүлснийг Их Британийн Ерөнхий сайд хатагтай Тереза Мэй мэдэгджээ.

Энэ бол аюулын хамгийн дээд түвшин. Энэ нь дахин халдлага болж болзошгүйг ч илтгэж байгааг шинжээчид тэмдэглэлээ. Террорист аюул заналхийллийн түвшинг цагдаа, тагнуулын алба, хүчний бусад байгууллагын төлөөлөл багтсан Терроризмын судалгааны нэгдсэн төв тогтоодог байна.

Баасан гарагт Лондон хотын баруун дүүрэгт байрлах “Парсонс-грин” метроны буудалд гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэлж, халдлага үйлдсэн. Азаар дэлбэрэлтийн улмаас хүний амь эрсдээгүй, 29 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгджээ. Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээгээд байгаа. Их Британийн эрх баригчид дэлбэрэлтийг “террорист халдлага” гэж нэрлээд байна.

Хувин ашиглан бэлтгэсэн тэсрэх бөмбөгийн талаарх анхны мэдээллийг иргэд сошиал орчинд анх мэдээлжээ. Галт тэргэнд явсан гэрчүүдийн хэлснээр хувин эхлээд шатаж, удалгүй дэлбэрсэн байна.

BBC агентлагийн мэдээлснээр, тэсрэх бөмбөгөнд цаг тохируулах төхөөрөмж суулгасан байжээ. Шинжээчид одоо харин тэсрэх бөмбөгөнд ашигласан тэсрэх бодисыг судалж байгаа гэнэ.

Sky News телевизийн мэдээлснээр, хэргийг үйлдсэн этгээдийг тогтоосон байна.

Лондон хотод он гарсаар тав дахь удаагийн террорист халдлага гарлаа.

  • 6-р сарын 19-ний шөнө Лондон хотод фургон машин лалын сүмээс гарч явсан хүмүүсийг дайрч, 1 хүн нас барж, 8 хүн бэртсэн.
  • 6-р сарын 3-нд Лондоны гүүрэн дээр фургон машин хүмүүсийг дайрч, дараа нь машинаас хутга барьсан эрэгтэй хүмүүс рүү халдсан. 3 хүн амиа алдаж, 48 хүн бэртсэн. Цагдаа нар халдлага үйлдсэн гурван этгээдийг хэргийн газарт устгасан.
  • 5-р сарын 22-нд Манчестер хотын “Манчестер Арена” цэнгэлдэхэд Америкийн дуучин Ариана Грандегийн тоглолтын үеэр дэлбэрэлт болсон. Салман Абеди гэгч амиа золиосолж, биедээ бэхэлсэн тэсрэх бөмбөгийг ажиллагаанд оруулжээ. 22 хүн, тэр дундаа 12 хүүхэд амиа алдаж, 59 хүн шархадсан.
  • 3-р сарын 22-нд Лондоны Вестминстрийн гүүрэн дээр мөн л машинтай этгээд хүмүүсийг дайрч, дараа нь машинаас хутга барьсан эрэгтэй бууж Парламентын ордны хамгаалалтын албаны цагдаа руу халдаж, шархдуулсан. Гэмт этгээдийг цагдаа нар хэргийн газарт устгасан. Халдлагын улмаас 5 хүн нас барж, 50 хүн шархадсан юм.
Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан