Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АНУ-ын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа "зогсов"

  М.Даваадулам 2018-01-20 799

АНУ-ын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа саатлаа. Бүгд Найрамдахчууд болон Ардчилсан намаас сонгогдсон хууль тогтоогчид 2018 оны төсвийн талаар санал нэгдэж чадсангүй. Ингэснээр Холбооны Засгийн газар, цаашлаад төрийн байгууллагуудын үйл ажиллагаа саатаж байна.

АНУ-ын Холбооны яам, агентлагийг түр санхүүжүүлэх тухай тогтоолыг өнгөрсөн оны 12-р сард баталсан. Гэвч энэ тогтоолын хэрэгжих хугацаа баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө буюу Монголын цагаар өнөөдрийн 13:00 цагт дуусгавар боллоо. 2018 оны бүрэн төсөв батлагдаагүй учир төрийн байгууллагууд зарим үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрч байна.

2-р сарын дунд хүртэлх, ирэх нэг сарын хугацаан дахь төсвийн асуудлыг Конгрессын доод танхим дэмжин баталсан ч, дээд танхимд саатжээ. Сенат дахь Ардчилсан намын гишүүд болон Бүгд найрамдахчууд нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй. Ардчилагчид өсвөр насандаа АНУ-д хөл тавьсан хуул бус цагаачдыг эх оронд нь албадан буцаахаас сэргийлэх арга хэмжээ авахыг тогтоолын төсөлд тусгахыг хүсчээ.

Ийнхүү хоёр нам зөвшилцөлд хүртэл АНУ-ын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги хэвээр байх нь ээ.

5 жилийн дараа анх удаа

АНУ-ын түүхэнд 1977-2013 онуудад 36 жилийн хугацаанд Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа Ерөнхийлөгчийн ажлын алба болон Конгрессын маргаан, санал зөрөлдсөний улмаас 17 удаа саатаж байжээ. “Мөнгөгүйгээр” гүйцэтгэх эрх мэдэл тодорхой хугацааг тухай бүрт өнгөрүүлж байсан байна. Хамгийн богино хугацаа 3 хоног байсан бол, хамгийн урт нь 21 хоног байжээ. Тодруулбал, 1995.12.15-наас 1996.01.06-ныг хүртэл саатсан байна .

Эдгээр тохиолдолд АНУ-ын Засгийн газар хэвийн үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрч, тусгай алба болон Цагаан ордны алба хаагчид зэрэг зарим төрийн алба хаагчдад цалингүй амралт олгож байжээ. АНУ-ын хууль тогтоомжийн дагуу үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого зэрэгтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг яам, агентлагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулна.

Цагаан ордон, Конгрессын эрхийг нэг нам гартаа атгаж байх үед ч ийнхүү Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа саатаж байжээ. Сүүлд 1977-1981 онуудад Цагаан ордныг тэргүүлж байсан АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картерын үед ийм тохиолдол болсон байна.

Цэрэг, цагдаагийн алба хаагчид “амрахгүй”

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт Пентагоны тэргүүн Жеймс Мэттис, АНУ-ын Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзаж, Холбооны Засгийн газрын үйл ажиллагаа санхүүжилтийн асуудлаас болж зогсонги байдалд орвол хэрхэх төлөвлөгөөг хэлэлцжээ. Энхтайван байдлыг хүч ашиглан хангахын тулд цэрэг, батлан хамгаалах салбарны төсвийг танахгүй гэдгийг ноён Ерөнхийлөгч тэмдэглээд, цэргийн төсвийг таналгүй батлуулахаар ажиллахаа амласан байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам ч мөн ард иргэдэд хандаж, төсвийн хууль хугацаанд нь батлах эсэхээс үл хамааран Афганистан, Ирак, Сири улсад явуулж байгаа терроризмын эсрэг ажиллагааг зогсоохгүй, эдгээр ажиллагаанд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдсэн юм. Хууль хяналтын байгууллагын хувьд холбооны Засгийн газрын санхүүжилтээс төдий л хамаарахгүй гэнэ. Хуульзүйн яам 115 мянган алба хаагчтай, тэдгээрийн 95 мянга нь албаа хэвийн үргэлжлүүлэн хаана. Харин Дээд шүүхийн хувьд ирэх гурван долоо хоногтоо үйл ажиллагаагаа хэвийн явуулах хангалттай хөрөнгөтэй гэнэ.

Хэн хохирох вэ?

Энэ нөхцөл байдалд хэн хохирох вэ? Мэдээж аль нэг яам, агентлаг ашиг хүртэхгүй. Санхүүжилт саатсанаас үндэсний парк, зарим музей хаагдана. Урьдчилсан тооцоогоор, улсын төсөвт 500 сая ам.долларын алдагдал учрах нь ээ.

АНУ-ын Шуудангийн алба хээвийн ажиллана. Учир нь холбооны төсвөөс шууд хамааралгүй гэнэ. Мөн нийгмийн халамжийн алба ч ажиллана, гэхдээ зарим үйл ажиллагаа нь саатах эрсдэлтэй гэнэ. Харин татварын албадууд ноцтой хүндрэлтэй нүүр тулах нь ээ. Цахим мэдээллийн сангийн үйл ажиллагаа доголдох юм байна.

Хууль тогтоогчид энэ амралтын өдрүүдэд асуудлыг шийдвэрлэхээр ажиллана гэж шинжээчид харж байна. Гэхдээ тодорхой тов алга байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан