Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ким Чен Уны дурлалт бүсгүйгээр ахлуулсан БНАСАУ-ын урлагийн баг Сөүлд хөл тавив

  М.Даваадулам 2018-01-22 24037

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын үеэр урлагийн тоглолт толилуулах тайз, талбайг шалгахаар БНАСАУ-ын төлөөлөгчид Өмнөд Солонгост хүрэлцэн очжээ. Төлөөлөгчдийн багийг Умард Солонгосын Moranbong хамтлагийн гишүүн Хён Сон Воль ахалж байна. Одоогоос таван жилийн өмнө Хён Сон Волийг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны дурлалт бүсгүй хэмээн бичиж, бүсгүйг бүр цаазаар авсан гэх мэдээлэл ч цацагдсан билээ. Сөүлд хөл тавьсан Волийг Өмнөд Солонгосын цагдаагийн алба хамгаалалтандаа авчээ. БНАСАУ-ын дуучин бүсгүй хэрхэн Сөүл – Пхеньяныг холбосон “энхийн тагтаа” болон хувирав?

Өмнөд Солонгост дөрвөн жилийн дараагаар БНАСАУ-ын албаны төлөөлөгчид хөл тавьж байгаа нь энэ юм. Долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ирэх сард болох өвлийн олимпийн наадмын нээлтийн ажиллагааны үеэр тоглолт толилуулах тайз, талбай зэрэгтэй танилцаж байна. Олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг яахын аргагүй багийн ахлагч, дуучин Хён Сон Воль татаж байгаа юм.

Yonhap агентлагийн дамжуулснаар, Хён Сон Воль нь БНАСАУ-ын нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг. Одоогоос 5 жилийн өмнө цацагдсан түүнийг Ким Чен Ун удирдагчийн зарлигаар цаазалсан гэх мэдээлэл бүр илүүтэй анхаарал татаж байна.

Буудан хороосон...

The Telegraph сонинд нийтэлснээр, Хён Сон Воль нь Samjiyon оркестрын 11 дуучны хамтаар порно бичлэг тараасанд буруутгагдаж, ял сонссон. Мөн уран бүтээлчдийн эд зүйлс дундаас тусгай албаныхан Библийн судар ч олжээ. Эдгээр хэрэг нь төрд тэрсэлсэн онц хүнд гэмт хэрэгт тооцогдох бөгөөд Хён Сон Волийг эдгээр хэргийнх нь төлөө буудан хороосон гэж Британийн хэвлэл одоогоос таван жилийн өмнө бичиж байсан юм.

Ингэхдээ маш хэрцгийгээр цаазаар авсан гэдгийг The Telegraph онцолжээ. Гэр бүл, ойр дотных нь хүмүүсийн өмнө пулемётоор шүршиж, цаазын ялыг гүйцэлдүүлсэн гэв. Дараагаар нь гэр бүл, ойр дотныхныг нь албадан хөдөлмөр эрхлүүлэхээр лагерьт илгээжээ.

Хён Сон Воль нь баривчлагдахаас өмнө Ким Чен Ун удирдагчийн найз бүсгүй байсан бөгөөд, Ким Чен Уны хууль ёсны гэргий, экс дуучин Ли Соль Жугийн дургүйцлийг хүргэсэн гэх мэдээлэл ч тархсан юм.

Нүдний цөцгий мэт...

Одоо харин Хён Сон Воль ийнхүү олны нүдэнд ил гарснаар, түүний тухай элдэв цуурхал сарнилаа. Мөн түүнд Пхеньян болон Сөүл тохиролцож чаддаг гэдгийг дэлхий нийтэд батлан харуулах хүндхэн үүрэг ч оногджээ. Түүнийг Unhasu оркестрын удирдагч, БНАСАУ-ын Соёлын яамны газрын дарга Квон Бон Хёк гэх эрхэм дагалдаж яваа гэнэ.

БНАСАУ-ын албаны төлөөлөгчид Сөүлд хоёр хоног ажиллана. Энэ хугацаанд тоглолт хийх тайз, талбай зэрэгтэй танилцах юм. Мөн хүлээн авагч талтай урлагийн тоглолт, хөтөлбөрийн хуваарийг тохиролцох юм байна.

Аливаа аюул, ослоос сэргийлэх үүднээс Умард Солонгосын албаны төлөөлөгчдийг Өмнөд Солонгосын тусгай алба хамгаалалтад авчээ. Хён Сон Воль одоогоор олон нийтийн өмнө үг хэлэх, хэвлэлд ярилцлага өгөхөөс татгалзаж байна. Түүнийг сэтгүүлчидтэй ярилцахыг хоригложээ. Yonhap агентлагийн мэдээлснээр, сэтгүүлчдийн асуултын хариуд Хён Сон Воль ямар нэгэн үг хэлэлгүй, зүгээр л инээмсэглэж байгаа аж.

Ким Чен Уны дэмжлэг

Хён Сон Волийг Умард Солонгосын удирдагчтай хайр сэтгэлийн холбоотой гэх мэдээлэл хэт дэвэргэсэн зүйл гэгдэх ч, Ким Чен Ун удирдагчийн зөвшөөрөлтэйгээр Хён Сон Волийг Moranbong хамтлагт элсүүлжээ. Учир нь тус хөгжмийн хамтлагийг Ким Чен Уны зарлигаар 2012 онд байгуулсан байна. Хамтлагийн бүсгүйчүүд тусгай эрхтэй гэж хэлж болно. Тэдэнд богино даашинз, банзал өмсөхийг зөвшөөрдөг. Умард Солонгосын энгийн иргэн охид, бүсгүйчүүдэд ийнхүү хувцаслах нь хориотой байдаг юм.

Moranbong хамтлагийн гишүүн бүсгүйчүүд бүгд ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглож чаддаг. Хамтлагт хийл, бөмбөр, даралтат хөгжим, саксофон, морин хийл, бүр орган хөгжим ч бий. Бүсгүйчүүдийн дуулах дуу бүр эхлээд намын хурал, шалгалтаар орох ёстой. Дууны үг бүрт эх оронч сэтгэл, удирдагчаа хүндэтгэж дээдэлсэн их хайр шингэсэн байх бөгөөд, цэрэг дайны ч сэдэвтэй дуу бий.

Энх цаг авчрах тамирчид...

Пёнчаны өвлийн олимпийн наадмын үеэр Хён Сон Воль нь Умард Солонгосын 140 уран бүтээлчийг тэргүүлэн Өмнөд Солонгост хөл тавина. Тэд урлагийн хоёр ч тоглолт толилуулах хуваарьтай гэж BBC мэдээллээ.

Уран бүтээлчдийн хамтаар тамирчид ч Өмнөд Солонгост хүрэлцэн очно. БНСУ, БНАСАУ гурван жилийн дараа дээд түвшний хэлэлцээр хийхээр зөвшилцөж, энэ сарын 9-ны өдөр хоёр улсын хилийн зэвсэггүй бүсэд уулзалт болсон. Уулзалтын дүнд хоёр Солонгосын тамирчид нэг далбаан доор Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцохоор болсон юм. Хоёр улсын төрийн дуулал эгшиглэхгүй, “Ариранг” дуу хоёр Солонгосын баг тамирчдын сүлд дуу байна. Энэ шийдвэрийг ОУОХ ч дэмжсэн.

БНАСАУ-ын тамирчид уран гулгалт (хосын), шорт трек, уулын цана, гүйлтийн цана, эмэгтэйчүүдийн хоккей зэрэг таван төрөлд өрсөлдөх юм байна. Эмэгтэйчүүдийн хоккейн хувьд хоёр Солонгосын бүсгүйчүүд нэг баг болон нэгдэн оролцоно. БНСУ-ын хоккейчин 23 бүсгүй дээр Умард Солонгосын 12 тамирчин, 1 дасгалжуулагч нэмэгдэх юм байна.

ОУОХ БНАСАУ-ын тамирчдад 22 квот олгосон, тэдгээрийг 24 дасгалжуулагч, албаны төлөөлөгч, хэвлэлийн төлөөлөгч дагалдана. Ингэхдээ тамирчид бүгд сэргээшийн шинжилгээнд хамрагдах ёстой гэж ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгдсэн юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан