Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Олимпийн аюулгүйн албаныхан ачаалалтай ажиллаж байна

  Б.Оюун 2018-02-24 1303

ОЛИМПИЙН АЮУЛГҮЙН АЛБАНЫХАН АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА 

            Пёнчаний Өвлийн ОЛимпийн наадмын үеэр хаа сайгүй аюулгүй байдлыг өндөржүүлсэн байдалд сахин хамгаалж, спортын аливаа барилга байгууламж, объект руу нэвтрэхэд зайлшгүй хяналтын цэгээр дамжин нэвтэрч байгаа юм.

            Энэ нь мэдээж хэрэг юуны түрүүнд Олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг сахин хамгаалж, хөгжөөн дэмжигчдийн тайван байдлыг хангахад чиглэгдсэн алхам юм.

            Аливаа уралдаан, тэмцээнийг үзэхийн тулд үзэгчид, хөгжөөн дэмжигчид цагаасаа эрт ирж, харуул хамгаалалт- хяналтын цэгээр нэвтрэх ёстой юм. Спортын бүхий л цэнгэлдэх хүрээлэн, байгууламжийн гадна талд хяналтын нэвтрэх цэгүүд ажиллаж, хүмүүс дотогш нэвтрэхийн тулд дугаарлан зогсох шаардлагатай байна.

            Хөгжөөн дэмжигчид, үзэгчдийг тусгай сканнераар нэвтрүүлж, цүнх савыг нь шалган, хориотой эд зүйлс биедээ авч явсан тохиолдолд хураан авч байгаа юм. Хураалгасан эд зүйлсээ гарахдаа буцаан авах боломжтой гэнэ.

            Нийтдээ Пёнчаний Олимпийн наадам үргэлжилж байгаа хоногуудад өдөрт дунджаар 100 мянга гаруй хүн ийнхүү аюулгүйн хяналтын цэгээр нэвтэрч байна. Хяналт шалгалт явуулж байгаа албаныхан өнгөрсөн хугацаанд үзэгчид, хөгжөөн дэмжигчдээс 200-аад нэр төрлийн хориотой эд зүйлс хураан авчээ. Тэдгээрийн дотор баллонтой зүйлс, хутга мэс, хайч, шингэн зүйлс байгаа юм.

            Пёнчаний Олимпийн наадмыг зохион байгуулагчид спортын байгууламжууд руу авч орохыг хориглосон нийт 29 нэр төрөл зүйлийн жагсаалт гарган, албан ёсны сайтан дээрээ байрлуулан, үзэгчид хөгжөөн дэмжигчдэд анхааруулга болгон тавьжээ. Гэсэн ч хүмүүс биедээ хориотой зүйл авч орох гэсэн тохиолдол цөөнгүй гарсан байна.

            ОЛИМПИЙН ОБЪЕКТАД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ НЭВТЭРЧЭЭ  

            Пёнчаний Олимпийн наадмын харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хаа сайгүй дээд зэргээр хангаж байгаа хэдий ч Олимпийн зохион байгуулах багт ороогүй, хөндлөнгийн хүмүүс спортын объект руу нэвтэрсэн тохиолдол бас гарчээ.

            Пёнчаний Олимпийн наадмын уулын цанын спортын уралдаан тэмцээн явагдаж байгаа Богван Феникс паркад хоёр үзэгч ямарваа хяналт шалгалтын постоор нэвтрэлгүйгээр ажилчдын унаагаар спортын тэмцээн уралдаан болох талбайд зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна. Тэд Олимпийн объектууд дээр ажиллаж байгаа дотоодын ажилчдыг даган орсон болохыг сүүлд тогтоожээ.

            Эдгээр хоёр хүн ямар нэгэн бичиг баримт, нэвтрэх үнэмлэх үзүүлэлгүйгээр Богван Феникс паркийн цанын спортын талбайд ажилчдын хамт нэвтэрсэн байна. Тэднийг Олимпийн байгууламжийг хариуцсан менежер цасны мотоциклон дээрээ суулган авч орсон болохыг тогтоожээ. Гадны хүн спортын объектод зөвшөөрөлгүй нэвтэрснээс болж асуудал үүсэн, спортын уралдаан тэмцээнд талбайг бэлдэх үйл явцад нөлөөлсөн байна.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө