Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ши Жиньпин ба түүний эрин үе

  М.Даваадулам 2018-03-17 1626

БНХАУ-ын эрх баригчид Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Коммунист намын Төв хорооны хурал Үндсэн хуулиндаа Ши Жиньпин удирдагчийн нэрийг нэмсэн. Түүний санаачилсан Хятадын өөрийн гэсэн өнгө төрх бүхий социализмын үзэл суртлыг тусгажээ. Мөн улс орны дээд удирдлагад харъяалагдах авлигын эсрэг тусгай байгууллагыг санаачлан, үүсгэн байгуулсан гавъяаг нь ч Үндсэн хуулиндаа мөнхөлж байна. Бээжин чухам яагаад 14 жилийн дараа Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах болов?

БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны 2-р хурлаар намын дээд удирдлага Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах санаачилга гаргажээ. БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны англи хэл дээрх албан ёсны эх сурвалж Global Times-ийн дамжуулснаар, БНХАУ-ын Коммунист намын 19-р Их Хурлаар дэмжигдсэн улс төрийн зарчим, чиглэл болон онолын чухал ололт амжилтыг Үндсэн хуулиндаа шинээр тусгахаар болжээ.

Өмнө нь Үндсэн хуулинд зөвхөн улс орныг үүсгэн байгуулагч Мао Цзэдун болон Хятадын эдийн засгийн өөрчлөн шинэчлэлийн бодлогын эцэг гэгддэг Дэн Сяопин гэсэн хоёр удирдагчийн нэр л багтсан байв.

1949 онд Мао Зэдун гадаадын түрэмгийлэгчдийн дарлалаас Хятадын ард түмнийг ангижруулж, БНХАУ-ыг үүсгэн байгуулснаа зарлан тунхагласан юм.

Тэгвэл Дэн Сяопин 1982-1987 онд БНХАУ-ыг удирдах хугацаандаа шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлснээр улс орныхоо эдийн засгийг хүчирхэгжүүлж, улс даяараа чинээлэг амьдрах замыг засаж өгсөн билээ.

Харин Ши Жиньпиний эрин үед БНХАУ “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе”-д хөл тавилаа. XIX их хурлын үеэр Ши Жиньпин “Хятадын коммунистууд үргэлж залуу сэтгэлгээтэй, ямагт өөрсдийгөө “ард түмний албат” гэдгээ ухамсарлан ажиллах ёстой” гэж онцлон тэмдэглэсэн юм.

“Хятадын өнгө төрх бүхий социализмын тухай Ши Жиньпин удирдагчийн дэвшүүлсэн санаачилга нь өнөө цагт Хятадын марксизмын сүүлийн ололт амжилт болон улс орон, нам засгийн цаашид удаан хугацаанд баримтлах, тэргүүлэх үзэл санааг илэрхийлж байгааг хурлаар тодотгож байна” гэж Комунист намын төв хорооны хурлын тунхагт тусгажээ.

БНХАУ 1982 онд баталсан Үндсэн хуулиа даган мөрдөж байсан. Сүүлд 2004 онд нэмэлт өөрчлөлт оруулж, хувийн эд хөрөнгө, хувь хүний эрхийг хангах хууль эрхзүйн орчныг бататгаж өгчээ.

2017 оны 10-р сард БНХАУ-ын Коммунист намын 19-р Их Хурлаар Ши Жиньпин удирдагчийн нэрийг Хятадын Коммунист намын дүрэмд оруулсан юм.

Даяарчлагдсан удирдагч

“Хятадын түүхэнд, Ши Жиньпиныг төрийн эрхэнд гарахаас өмнө Мао Цзэдун болон Дэн Сяопин нарын нэрийг намын дүрэмд мөнхөлсөн байсан” гэдгийг эрдэмтэн судлаачид тэмдэглэж байна.

Өөрөөр хэлбэл, Дэн Сяопиноос хойшхи Хятадын бүх л удирдагчид түүний үзэл баримтлалыг чандлан даган мөрдөж байсан гэсэн үг. Харин анхны өөрчлөгч нь Ши Жиньпин болж байна. Улс орны эдийн засгийн хөгжил, гадаад бодлогод Дэн Сяопиноос хойш өөрчлөлт хийж буй хүн нь одоогийн дарга Ши Жиньпин гэж үзэж байна. Тиймээс ч 20-р зууны Хятадын хоёр агуу удирдагчтай эн зэрэгцэн нэр нь бичигдэх нь зүйн хэрэг гэж шинжээчид тайлбарлалаа.

“БНХАУ-ын тав дахь үеийн удирдагч Ши Жиньпин төрийн эрхэнд гарснаар Хятад улсын гадаад бодлого үндсээрээ өөрчлөгдсөн. Хятад улс даяарчлагдсан гүрэн болж, эдийн засгийн салбарт томоохон амжилтад хүрч, олон улсын харилцаанд ч үнэмлэхүй дэвшил гаргасан” гэж улс төр судлаачид дүгнэж байна.

БНХАУ нь “Нэг бүс, нэг зам” зэрэг даяарчлалын төсөл санал болгож, үндэсний ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд чиглэсэн улс төрийн хамтын ажиллагааг дэлхийн орнуудтай хөгжүүлж байгаа төдийгүй, цэрэг батлан хамгаалахын салбартаа ч онцгой анхаарал хандуулж байна. Хүчирхэг Хятад гүрэн цогцлоох, идэвхтэй гадаад бодлого явуулах энэ үзэл баримтлалынх нь төлөө Ши Жиньпиныг Үндсэн хуулиндаа мөнхлөхөөр шийдвэрлэжээ.

“Ши Жиньпин нь олон улсын тавцанд дэлхийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй даяарчлагдсан лидерийн имиж бүрдүүлж чадсан” гэж улс төр судлаачид дүгнэж байна.

Түүний үзэл санаа болон нэрийг Үндсэн хуулиндаа бататгаж өгөх шийдвэр нь Хятад улс цаашид Ши Жиньпины эхлүүлсэн идэвхтэй гадаад бодлогыг үргэлжлүүлж, дэлхийн хүчирхэг гүрэн гэх статусын төлөө зүтгэх зорилгын илрэл юм. Мөн Ши Жиньпин төрийн болон намын эрхнээс буусан ч, дараагийн удирдагчид түүний эхлүүлсэн үйл хэргийг өөрчлөн цуцлах бус, үргэлжлүүлэх баталгааг ч энэ удаагийн Үндсэн хуулийн шинэчлэл өгөх юм.

Авлигыг “цөм цохив”

Ши Жиньпин удирдагчийн нэрийг Үндсэн хуулиндаа мөнхлөх санаачилгаас гадна Хятадын Коммунист намын Төв хорооны хурлаар авлигатай тэмцэх “төвлөрсөн, нэр хүнд бүхий, үр ашигтай” байгууллагатай болох санаачилга гаргажээ. Энэ байгууллага нь төрийн алба хаагчид төдийгүй намын гишүүдэд ч хяналт тавих эрхтэй байна. Одоогоор энэ үүргийг төрийн болон намын хэд хэдэн байгууллага, тэр дундаа БНХАУ-ын Хяналтын яам, Хятадын Коммунист намын төв комиссийн Дэг журмын хороо зэрэг байгууллага гүйцэтгэдэг.

Тав дахь үеийн удирдагч Ши Жиньпин төрийн эрхэнд гарснаар авлигатай тэмцэх өргөн хүрээний кампанит ажил эхлүүлсэн.  Хятадын Коммунист намын төв комиссийн Дэг журмын хороо энэ кампанит ажилд голлох үүрэг гүйцэтгэсэн юм. 2017 оны 10-р сарын байдлаар, Ши Жиньпин удирдагч төрийн эрхэнд гарснаас хойшхи 5 жилийн хугацаанд авлигын хэргээр 1.3 сая албан тушаалтныг шүүжээ. Тэдгээрийн дунд нам, улс төрийн өндөр албан тушаалтнууд: улс төрийн товчооны экс гишүүд, томоохон хотуудын захирагч нар, яамны сайд нар ч байсан. Үүнээс 10,000 гаруй албан тушаалтанд ялын дээд хэмжээ буюу буудан хороох ял оноож гүйцэлдүүлжээ.

Намын харъяаны авлигын эсрэг байгууллага нь үйл ажиллагааны эрхийнхээ хүрээнд зөвхөн намын гишүүдийг шалгах боломжтой. Одоо харин намын харъяалалгүй иргэд, тодруулбал намын харъяалалгүй төрийн алба хаагчид болон бизнес эрхлэгчдийг шалгах эрх бүхий авлигатай тэмцэх байгууллага хэрэгтэй байна.

Хяналт шалгалтын үндэсний комисс гэх авлигын хэрэг шалгах дээд байгууллага байгуулах тухай хуулийн шинэ төслийг 2017 оны 11-р сард урд хөрш ард иргэддээ танилцуулжээ. Тус байгууллага нь бүх л түвшинд эрх баригчдын авлига, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгтэй тэмцэх үүрэгтэй байх юм. Мөн энэ байгууллага нь Ардын дээд шүүх, Прокурорын байгууллага, бүр Засгийн газарт ч харъяалагдахгүй, авлигын хэргээр мөрдлөг шалгалт зохион байгуулахаас эхлээд, хууль зөрчсөн алба хаагчийг баривчлан саатуулах хүртэлх арга хэмжээ авах өргөн хүрээний эрх мэдэлтэй байх юм.

Хүнд суртлын эсрэг тэмцэл

Шинэ байгууллагыг Ши Жиньпин дарга тэргүүлнэ, эсвэл түүнд шууд харъяалагдах байдлаар үйл ажиллагаа явуулна. Төрийн эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх зорилгод ч энэ нь нийцэх юм. Хэдий эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа ч, дотоод улс төрийн асуудал Хятадын өмнө тулгараад байгаа. Зарим муж, хот, бүс нутагт улс төрийн бүлэглэл үүсч, хувийн ашиг сонирхлоо тодорхойлсон зэрэг төрийн алба хаагчдын хүнд суртлын эсрэг тэмцлийг ч Ши Жиньпин удирдагч эхлүүлээд байгаа юм. Ингэснээр эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэхийн чухлыг тэмдэглэж байна.

Мэдээж эдгээр санал санаачилга Хятадын зарим хуульчдын зүгээс шүүмжлэлтэй тулсан. Хуулинд харшилж байна гэж үзсэн юм. Учир нь Үндсэн хуулинд тусгаагүй шинэ байгууллага нь Улсын үндсэн хуулийн дээд байгууллагатай эрх үүргийн хувьд эн зэрэгцэнэ. Үндсэн хуулийн дээд байгууллага нь Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын харъяалалд байдаг. Тиймээс онолын хувьд шинэ байгууллагыг ч Засгийн газрын шийдвэрээр томилдог байх ёстой болж таарна. Аль эсвэл Ши Жиньпин удирдагч Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй гэж шинжээчид харж байсан юм.

Өөрөөр хэлбэл, Ши Жиньпин удирдагч төрийн удирдлагын шинэ тогтолцоо боловсруулж байна. Намын шугамаар хийж хэрэгжүүлсэн ажлаа одоо улс орны түвшинд хэрэгжүүлэн, бэхжүүлэхийг зорьж байна. Зөвхөн өөрийн нэрээ түүхэнд мөнхлөхөөс гадна, төрийн эрх мэдлийн тогтолцоог өөрчлөхийг хүсч байна. Төрийн эрх мэдэл бэхжинэ, намын эрх мэдэл ч бэхжинэ, харин орон нутагт чанга хатуу дэг журам тогтооно.

Гурав дахь бүрэн эрхийн хугацаа

БНХАУ-ын даргын бүрэн эрхийн хугацаа 5 жил. Аливаа эрхэм хоёроос илүү бүрэн эрхийн хугацаа дараалан БНХАУ-ыг тэргүүлэх нь хуулиараа боломжгүй. Ши Жиньпины хувьд эхний бүрэн эрхийн хугацааны 5 жил дуусгавар болж, дахин 5 жилээр улиран сонгогдлоо. Түүний эхлүүлэн хэрэгжүүлж байгаа улс орны өөрчлөн шинэтгэлийн хөтөлбөрийг хоёр бүрэн эрхийн хугацаанд буюу 10 жилд багтаах боломжгүй. Тиймээс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, гурав дахь бүрэн эрхийн хугацаанд улирч ч болзошгүй гэж шинжээчид харж байсан юм. 

Эх сурвалж: russian.rt.com

Нүүр зураг: bbc.com

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө