Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Трамп Путинд баяр хүргээгүй шалтгааныг Цагаан ордон тайлбарлав

  М.Даваадулам 2018-03-20 1014

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд улиран сонгогдсонд нь дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүлэгчид, олон улсын байгууллагын удирдлагууд баяр хүргэсээр байна. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баяр хүргээгүйг барууны хэвлэлүүд онцолсон. Баяр хүргээгүй шалтгааныг ч Цагаан ордон тайлбарлав.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хэвлэлийн төлөөлөгч Хоган Гидли сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө: “Путины ялалт Вашингтоны хувьд гэнэтийн зүйл байгаагүй, Кремль рүү утас цохих нь Цагаан ордны ажлын төлөвлөгөөнд багтаагүй байсан” гэжээ. Доналд Трамп Ерөнхийлөгч Нью Хэмпшайр луу нисэх үед төрийн тэргүүний нисэх онгоцонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа энэ тайлбарыг өгсөн байна. Мөн АНУ цаашид ОХУ-тай боломжит бүх л салбарт хамтрын ажиллах хүсэлтэй байгааг ч тэмдэглэжээ.

Барууны орнуудын төр засгийн тэргүүлэгчид Владимир Путинд дөрөв дэх удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь биечлэн баяр хүргэхээр төдий л яарсангүй.

Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Азербайжан, Беларусь, Армени, Унгар, Узбекистан, Венесуэл, Туркменистан, Казахстан, Тажикистан, Куба, Молдав, Киргизийн Ерөнхийлөгч нар, мөн бие даан тусгаар тогтнолоо зарласан Абхази, Өмнөд Осетийн лидерүүд ч Кремлийн ордонд анхны баярын мэндчилгээ, захидал илгээсэн юм.

ЕХ сонгуулийн үеэр иргэд, сонгогчдын эрх ноцтой зөрчигдсөнд санаа зовниж байгаагаа илэрхийлэн мэдэгдэл хийсэн. Нэр дэвшигчдийн сонгуулийн өмнөх кампанит ажлыг сурвалжлахад хэт нэг талыг барьсан мэдээлэл цацсан бөгөөд улс төрийн эрх чөлөөг хязгаарласан гэж буурал тивийн удирдлагууд үзсэн юм. “Зөрчил, дутагдлаа арилгаж, шийдвэрлэнэ гэж бид Оросуудаас хүсч байна” гэж ЕХ-ны мэдэгдэлд дурджээ.

Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трампаас ялгаатай нь Кремлийн ордон руу утас цохисон. Гэхдээ францын хэвлэлүүдийн дамжуулснаар, баяр хүргээгүй бөгөөд зөвхөн улс орны шинэчлэлийн үйл хэрэгт нь амжилт хүсчээ. Мөн Оросын холбоотон орнуудын Сири улсад явуулж байгаа ажиллагаанд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Тагнуулын төв газрын экс агент Сергей Скрипалийн аминд халдсан хэргийн дагуу мэдээлэл өгөхийг ноён Путинаас хүсчээ.

Хэдий Францын төрийн тэргүүн ноён Путинд баяр хүргээгүй гэж францын хэвлэлүүд мэдээлсэн ч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ноён Макроныг баяр хүргэсэн гэж “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

ХБНГУ-ын Канцлер даваа гарагийн өглөө ноён Владимир Путинд “дахин сонгогдсонд халуун баяр хүргэж байна” гэсэн баярын захидал илгээж, “урьд урьдынхаас илүү харилцаа хэлэлцээрээ үргэлжлүүлж, манай хоёр улс, ард түмний харилцааг бэхжүүлэх нь чухал” гэдгийг тэмдэглэжээ.

Мөн даваа гарагт ноён Путинд Турк улсын Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоган, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар баяр хүргэсэн байна.

Эх сурвалж: BBC

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан