Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Польшийн Ерөнхийлөгч Путинд баяр хүргэхгүй, мөн хөлбөмбөгийн ДАШТ ч үзэхгүй гэв

  М.Даваадулам 2018-03-20 2386

Польш улсын Ерөнхийлөгч Анжей Дуда ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд улиран сонгогдсонд нь баяр хүргэх бодолгүй байна. Мөн энэ зун ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг ч очиж үзэхгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ тухай Польшийн Ерөнхийлөгчийн албаны дарга Кшиштоф Щерский RMF FM-д ярилцлага өгөхдөө онцолжээ.

“Одоо баяр хүргэх тохиромжтой цаг биш” гэж Щерский хэлээд, одоогоор ОХУ-ын долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн мэдээ гараагүй байгааг онцолсон юм. “Албан ёсны эцсийн дүн мэдээ танилцуулахаас өмнө баяр хүргэх нь бага зэрэг инээдтэй зүйл” гэж тэмдэглэжээ.

Харин Ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөж, улиран Ерөнхийлөгчийн суудалдаа албан ёсоор суусны дараа дипломат журмаар мэндчилгээ илгээх болно гэдгийг Ерөнхийлөгч Анжей Дудагийн алба мэдээллээ.

Мөн Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн адилаар Орост болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг очиж үзэхгүй  гэдгийг ноён Щерский хэллээ. Польшийн баг шигшээд шалгарсан ч, төрийн тэргүүн нь очиж үзэхгүй гэнэ.

Польшийн хөлбөмбөгийн шигшээ хэсэгтээ Сенегал, Колумб, Японы шигшээтэй оноолт таарсан. Сенегалын шигшээтэй 6.19-нд Москва хотноо, Колумбийн шигшээтэй – 6.24-нд Казаньд, харин Японы шигшээтэй – 6.28-нд Волгоград хотноо тус тус тоглох хуваарьтай.

ОХУ-тай холбоотой асуудлыг Польш улсын Ерөнхийлөгч Анжей Дуда даваа гарагт ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй уулзахдаа хөнджээ. Тодруулбал, “Газпром” компанийн хэрэгжүүлж буй “Хойд урсгал-2” байгалийн хийн хоолойн асуудлыг ярилцсан байна. Энэ төслийг ХБНГУ дэмжиж байгаа бол, Польш улс эсэргүүцэж байгаа юм. Хэдий одоогоор Польшууд энэ асуудлаар Германыг ятгаж чадаагүй ч, “дусал ус чулууг ирлэдэг” гэдгийг ноён Щерский тэмдэглэжээ.

Эх сурвалж: РБК

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө