Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өнөөдөр БНСУ-ын ард түмний хувьд хар өдөр

  М.Даваадулам 2018-04-16 1262

Дуугүй киноны нэрт мастер Чарли Чаплин 1889 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр 25 насандаа “Венец дэх хүүхдүүдийн авто уралдаан” кинонд тоглосноор, анх удаа дэлгэцнээ гарсан юм. Энэ киноноос эхлэн Чаплины нэрийн хуудас болсон том гутал, хэлхгэр өмд, бүрх малгай, хулсан таягтай жижигхэн эрийн төрх олонд танигджээ. Тэрээр зөвхөн кинонд тоглоод зогсохгүй кино урлагийн хөгжилд асар үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 1918 онд Холливүүдэд хувийн студиэ байгуулж, 1919 онд Жүжигчдийн нэгдсэн холбоо корпорацийн үндэс суурийг тавьжээ. Түүний бүтээсэн “Аянчин”, “Хотын гэрэл”, “Орчин үе” зэрэг олон бүтээл кино урлагийн түүхийн хуудаснаа тодхон тэмдэглэн үлдсэн юм. 1929 онд анхны Оскарын шагнал хүртсэн бол, 1952 онд хорь гаруй жилийн дараа дахин “Оскар” хүртжээ. 

Өнөөдөр БНСУ-ын ард түмний хувьд хар өдөр. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Севоль” хөлөг онгоц осолдож, 304 хүн амиа алдсан. Инчеон хотоос аялал жуулчлалын төв гэгддэг Чэжү арлыг чиглэн явсан хөлөг дээр 476 хүн зорчиж явснаас 325 нь дунд сургуулийн сурагч, багш нар байжээ. Мөн хөлөг дээр 150 автомашин тээвэрлэж явсан байна. 

Дэлхийг тойрон ниссэн хамгийн анхны эмэгтэй Жеральдина Мок 1964 оны энэ өдөр Баруун Германд газарджээ. Тэрээр 1964 оны 3-р сарын 19-нд “Сессна” гэх нэг мотортой онгоцоор дэлхийг тойрох аяллаа эхлүүлж, 29 хоногт дэлхийн бөмбөрцгийг тойрсон байна. 

1912 оны энэ өдөр мөн  Америкийн нисгэгч Харриет Куимби Ла Маншийн хоолойг онгоцоор нисэн туулжээ. Ийнхүү Ла Маншийн хоолой дээгүүр ниссэн хамгийн анхны эмэгтэй болсон байна. Харриет Куимби 1911 онд Америкийн аэроклубээс U.S. Pilot’s гэрчилгээ гарджээ. Ингэснээр АНУ-ын хамгийн анхны эмэгтэй мэргэшсэн нисгэгч болжээ. Хэдий Харриет Куимби харьцангуй богино насалсан ч, нисэх хүчний салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавъяатай юм. 

1871 оны энэ өдөр Берлин хотыг Германы нийслэл хотоор зарлажээ. Берлин нь Германы нийслэл болон хамгийн том хот бөгөөд, хүн амаар Европын Холбооны хоёр дахь том хот, харин газар нутгийн хэмжээгээр тав дахь том хот юм. Берлин хот 1237 онд байгуулагджээ.  3 сая гаруй хүн амтай Берлин хот өнөөдөр дэлхийн соёлын төв болон өргөжин хөгжжээ. Европын томоохон тээврийн зангилаа төдийгүй буурал тивийн хамгийн олон жуулчин “цуглуулдаг” хот. 

Америкийн холимог тулаанч, жүжигчин, загвар өмсөгч Жина Жой Карано өнөөдөр 36 нас хүрч байна. Карано “Америк Гладиатор” шоунд оролцож байсан. Хэдий өөрөө хүлээн зөвшөөрдөггүй ч түүнийг холимог тулааны “эмэгтэй нүүр царай”-гаар өргөмжилдөг байна. 

Хойд хөршийн дэлгэцийн хөгжөөнт нэвтрүүлгийн хөтлөгч, дуучин, хөгжимчин, продюсер Иван Андреевич Ургант өнөөдөр 40 нас хүрч байна. Тэрээр 2012 оноос Оросын нэгдүгээр сувгаар “Вечерний Ургант” нэвтрүүлгийг хөтлөн, бэлтгэн хүргэж байгаа. Өнөөдрийн байдлаар тус нэвтрүүлэг 961 дугаар цацжээ.

Данийн хатан хаан 2-р Маргрете өнөөдөр 78 нас сүүдэр зооглож байна. Маргрете Александрина Торхильдур Ингрид 1972 оны 1-р сарын 14-ний өдөр Дани улсын хатан хаанаар өргөмжлөгджээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан