Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Коизүми: Абэ хоёр сарын дараа огцорно

  М.Даваадулам 2018-04-16 804

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон түүний Засгийн газрын нэр хүнд ард иргэдийн дунд унасаар байна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй, энэ оны 6-р сард Шинзо Абэ суудлаасаа бууна, мөн дахин төрийн эрхийг баригч Либерал Ардчилсан намын даргаар улиран сонгогдохгүй гэсэн таамгийг Японы улсын 56 дахь Ерөнхий сайд Коизүми Жүничиро дэвшүүллээ. Японы долоо хоног тутмын “Аэра” сонины өнөөдрийн дугаарт хэвлэгдсэн экс Ерөнхий сайдын ярилцлага өнөөдөр олон улсын анхаарлын төвд байлаа.

2001-2006 онд Япон улсын Ерөнхий сайдаар ажилласан Жүничиро Коизүми одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэг өөрийг нь тойрсон олон асуудалтай холбогдуулан огцрох нь зүйтэй гэж үзэж байна.

“Шинзо Абэ Парламентад хандан, хэрэв өөрөө болон түүний эхнэр газрын маргаантай холбоотой болох нь баримтаар тогтоогдвол Ерөнхий сайдын суудлаасаа бууж, гишүүний мандатаасаа татгалзана гэж мэдэгдсэн. Нэгэнтээ ийм амлалт өгсөн учир, цаг алдалгүй огцрох л хэрэгтэй. Нөхцөл байдал маш осолтой байна. Парламентын одоогийн чуулган дуусахаар огцорч магадгүй юм” гэж ноён Жүничиро Коизүми ярилцлагадаа тэмдэглэжээ.

Японы Парламентын одоогийн чуулган ирэх 6-р сарын 20-ны өдөр дуусах юм байна.

Төрийн эрхийг баригч Либерал Ардчилсан намын доторх сонгууль ирэх 9-р сард болно. Энэ сонгуулиар Шинзо Абэ улиран сонгогдох боломжгүй гэж ноён Жүничиро Коизүми үзэж байна. Япон улсын хувьд төрийн эрхийг баригч намын лидер Ерөнхий сайд болдог. Тэгвэл одоогийн Гадаад хэргийн сайд Таро Коногийн хувьд Абэгийн байр суурийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай эрхэм гэж экс Ерөнхий сайд үзэж байна.

Шинзо Абэ болон түүний Засгийн газрын нэр хүнд унасаар байгаа. Ард иргэдийн дунд сүүлд явуулсан санал асуулгаар Либерал Ардчилсан намын даргаар экс Батлан хамгаалахын сайд Шигэрү Ишибэ сонгогдох хамгийн өндөр магадлалтай гэжээ. Санал асуулгад хамрагдагсдын 26.6% түүний төлөө санал өгсөн байна. Дараагаар нь Жүничиро Коизүмигийн хүү Шинжиро Коизүми 25.2% саналаар удаалжээ. Харин Шинзо Абэг 18.3% нь дэмжинэ гэж хариулсан байна.

Төрийн өмчийн “Моритомо гакуэн” байгууллагын эзэмшил газрыг зах зээлийнхээс хэт доогуур үнээр худалдан авч, “Какэ гакуэн” гэх мал эмнэлгийн сургууль байгуулсан хэрэгт хатагтай Акиэ Абэг буруутгаад байгаа. Мөн энэ хэрэгт Ерөнхий сайд Шинзо Абэг ч холбоотой гэх мэдээлэл цацагдсан. Японы Сангийн яамнаас өнгөрсөн сард тус сургуулийн газрыг худалдан авахдаа хууль бус баримт бүрдүүлсэн болохыг мэдэгдсэн юм.

Шинзо Абэ болон түүний Засгийн газрын нэр хүнд өнгөрсөн сард 2012 оноос хойшхи хамгийн доод үзүүлэлтэд хүртлээ “унасан”. Шинзо Абэд ард иргэдийн 31%, харин түүний Засгийн газарт – 48% итгэл хүлээлгэжээ. Ийнхүү иргэд сонгогчдын дунд Ерөнхий сайдын нэр хүнд унасаар, сөрөг хүчин ч түүнийг огцрохыг шаардсаар байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан